2022.03.23

Б.Энхбаяр: Иргэдэд алхах боломжийг олгож нийслэлийн хашаануудыг буулгах хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Дөрвөн аймгийн малчдад хашаа барихад 30 сая долларын зээл авахгүйгээр шийдэх боломж байгаа юу?

Улаанбаатар хот 1157 ширхэг барих ёсгүй хашаа барьчихсан байгаа. Нийслэл хот бол хашааны шугуй болсон гэж хэлж болно. Нийтийн эзэмшлийн талбайг бүгдийг нь хууль бусаар хашчихсан. Байгаль орчинд гарах, явах зам байхгүй болсон. Тиймээс миний бие энэ хавар шинэ хуулийн төсөл санаачлах гэж байна. Тэр нь юу вэ гэхээр “Байгальд явганаар аялах эрхийн тухай хууль” юм. Бусад улс оронд их түгээмэл байдаг, ялангуяа Скандинавын улс орнуудад. Манайд Туул гол руугаа, Богд уул руугаа явган алхах зам байдаггүй, хот дотроо хүртэл эмнэлэг, сургууль руугаа алхах зам нь байхгүйн улмаас иргэд машинаар явж, түгжрэл үүсч байна. Тийм учраас хотод байгаа эдгээр хашаануудыг буулгаад малчиддаа үнэгүй өгч, 30 сая долларыг хэмнэх саналтай байна.