Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээвэр нь гуравдагч оронтой холбогдох боломж юм
2023.01.10

Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээвэр нь гуравдагч оронтой холбогдох боломж юм

“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрлчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүллээ.

Канад Улсын Монреаль хотноо 2016 онд зохион байгуулсан Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ассамблейн 39 дэх чуулганаар “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах протокол”-ыг баталсан.

Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлд “Зөвлөл нь Ассамблейд ажлаа тайлагнадаг байнгын байгууллага мөн. Зөвлөл нь Ассамблейгаас сонгогдсон Хэлэлцэн тохиролцогч 36 улсаас бүрдэнэ. Сонгуулийг Ассамблейн анхдугаар чуулганаар зохион байгуулах бөгөөд түүнээс хойш 3 жил тутамд явагдаж, тийнхүү сонгогдсон Зөвлөлийн гишүүд дараагийн ээлжит сонгууль хүртэл үүргээ гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд 2016 оны Протоколоор Зөвлөлийн гишүүдийн тоо 36 байгааг 40 болгон нэмэгдүүлэхээр тогтсон.

Монгол Улс нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүний хувьд тус байгууллагын бодлого, стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэх, үл тохирлыг мэдээлэх, аюулгүй ажиллагааны өргөтгөсөн аудитад хамрагдах, гишүүнчлэлийн хураамж төлөх зэргээр “оролцогч” улсын байр суурийг хадгалж байна. Монгол Улс бодлого тодорхойлох түвшинд оролцох, Зөвлөлийн бүрэлдэхүүнд Ази тивээс орсон 6 улсын төлөөллийг өргөтгөх санаачилгад өөрийн орны хувь нэмрийг оруулж, ирээдүйд Зөвлөлийн гишүүнээр сонгогдох үйл хэрэгт түлхэц болгох зорилгоор “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах протокол”-ыг соёрхон батлах нь зүйтэй байна.

Дэлхийн агаарын тээврийн тэргүүлэгч орнууд болох ОХУ, БНХАУ-ын дунд байрлалтай манай улсын нутаг дэвсгэр дээгүүр Ази, Европ тивийг холбосон хамгийн дөт агаарын зам дамжин өнгөрч байна. Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээвэр нь гуравдагч оронтой богино хугацаанд шууд холбогдох онц чухал ач холбогдолтой салбар бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор бүс нутгийн агаарын навигацийн гол түшиц орон зай болох, олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулах, агаарын тээвэр өргөжин хөгжихөд ач холбогдолтой юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn