2022.06.29

Ц.Сэргэлэн: Хөгжлийн банкны хулгай луйвраар авсан мөнгийг заавал эргэн төлүүлэх ёстой

УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны /2022.06.29/-ний өдрийн хуралдаанаар Монгол улс, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн талаар хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой учраас хэд хэдэн зүйлд анхаарах нь зүйтэй. Хөгжлийн банкны хулгай луйвар олон нийтэд ил болсон. Жирийн иргэнд олддоггүй зээлийг албан тушаал, арын хаалга бүх юмаараа хулгайлж, луйвардсан. Хулгай луйвраар авсан мөнгийг заавал эргэн төлүүлэх хэрэгтэй. Ард түмэн биш авсан хүмүүс нь төлөх ёстой. Ямар нэг хууль зөрчиж авсан бол мөн заавал хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Энэ асуудал Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хамаатай. Хөгжлийн банкны хэргийг шалгаж буй асуудал дээр анхаарах ёстой.  

Азийн хөгжлийн банкнаас авсан өмнөх зээлээр хийж буй хэд хэдэн төслүүд бий. Сэлэнгийн төмөр замын боомтын өргөтгөл буюу нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах төсөл,  Алтанбулагийн авто замын боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах төсөл хийгдэж байгаа. Энэ төслүүд ихээхэн удаашралтай байна. Үүний үр дүн, явц ямар байна гэдэг дээр анхаараарай. Одоо энэ зээлийг авсан тохиолдолд төсөл нэг бүрээр нь үр дүнг эргэж байнгын хороонд тайлагнадаг байх ёстой.