”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг баталлаа
2017.07.06

”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг баталлаа

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.07.06) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлэх ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувийн саналаар баталсан юм.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн  хүрээнд банкны салбарыг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, чанаргүй зээлийг шийдвэрлэх зорилго бүхий активын удирдлагын компанийг байгуулах, банкуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоог нэвтрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах, банкны хяналт, шалгалтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зэрэг нийт 12 бодлогын арга хэмжээг 1 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

Энэхүү хөтөлбөрийг урьдчилсан байдлаар Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тохироод байгаа агаад зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.

Сангийн сайдын илтгэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Баасанхүү нар асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн юм.