Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
2021.06.30

Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.30) цахим хуралдаан 09.05 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд Эрүүл мэндийн яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцов.

 Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав. Монгол Улсын Засгийн газар коронавируст халдвар, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх зорилго бүхий 21.0 сая ам.долларын “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг байгуулахаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай тохиролцоод байгааг Эрүүл мэдийн сайд танилцуулгадаа онцолсон. 

  Энэхүү төсөл нь Азийн хөгжлийн банкны 19.0 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр хэлэлцээрийг байгуулаад буй “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл”-ийн хамтарсан санхүүжилт хэлбэрээр олгогдох бөгөөд АДБХОБ-ны 50 хувиар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх боломжтой. АДБХОБ-ны 21 сая ам, долларын хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3  жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба хөрөнгө баталгаажуулсны төлбөр 0.25 хувь байна гэж танилцуулгад дурджээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс зээлийн хүү жилийн хэд болохыг тодруулахын зэрэгцээ Засгийн газрын нийт өрийн хэмжээг лавлав. Мөн зээлийн хэлэлцээрийн хүрээнд ямар вакцин худалдаж авахаар төлөвлөсөн болон хандив, тусламж болон Засгийн газрын худалдан авалтаар хэчнээн тун вакцин авсныг лавлаж байлаа. 

    Азийн хөгжлийн банкнаас авч байгаа зээлийн хүү жилийн 0.8 хувь гэдгийг Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү хариултдаа тодотгоод Засгийн газрын өрийн түвшин өнөөгийн үнэ цэнээр хуулиар заасан хязгаар нь 2021 онд 70 хувьтай байхаар зохицуулсан бөгөөд одоогийн  байдлаар 62 хувьтай байна гэв. 

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа, хандив тусламж, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 4 сая 910 мянган тун вакцин хүлээн авсан. Үүнээс 230 мянган тун нь КОВАКС хөтөлбөрийн хүрээнд, 450 мянган тунг хандив тусламжаар, үлдсэнийг нь Засгийн газар худалдаж авсныг онцлов. Мөн тэрбээр, зээлийн санхүүжилтээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ВероСелл вакциныг худалдан авсан төлбөрийг хийхийн зэрэгцээ үлдсэн хөрөнгийг пфайзер вакцин авахаар санал өгсөн гэж байлаа. 

  Ингээд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь  дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов