2025.04.17

Б.Энхбаяр: Нотол, эсвэл цагаатга! Хууль мухардахад хүрвэл Үндсэн Хуулийн цэц арилгах үүрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.04.17/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 33 жилийн түүхэнд УИХ-аас анх удаа Үндсэн хуулийн цэцэд хандан Үндсэн хууль, тодорхой хууль зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргах гэж байна. Тэр утгаараа энэ нь анхны жишиг тохиолдол болно. Энэ бол зөв жишиг болох байх гэж бодож байна. Тиймээс УИХ-аас хүсэлт гаргасан тохиолдолд Үндсэн хуулийн цэц маргаан үүсэх эсэх асуудлыг хэлэлцэхгүйгээр шууд үүсгэдэг. Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж энэ асуудлыг шийдвэрлэдэг онцгой горимтой. Тэр утгаараа, мөн Х.Тэмүүжин гишүүн ч үндэслэлээ нэлээн нухацтай боловсруулж орж ирсэн учраас дэмжиж байна. Цаашид би УИХ, ҮХЦ-д олон асуудлаар хүсэлт гаргах байх. Тухайлбал, миний хуьд Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нартай өнгөрсөн парламентын үед шүүхээс татгалзаж буцаадаг асуудлыг болиулсан юм. Нотол, чадахгүй бол цагаатга гэдэг зарчмыг Эрүүгийн процесийн хуульд суулгасан. Харамсалтай нь шүүх үзэмжээрээ, зарим хүмүүсийн хэргийг шүүхээс буцаагаад байна. Өөрөөр хэлбэл бидний баталсан хуулийг тодорхой тохиолдлуудаар хүнд нь ялгамжтай хандаж авч үзэж байгаа тохиолдууд байна. Миний ойлгож байгаагаар Б.Найдалаа, Н.Алтанхуяг гишүүдийн хэргийг шүүхээс буцаасан гэж ойлгоод байгаа. Дээд шүүхээс доод шүүхэд чиглэл даалгавар өгч буй асуудал. Нотлогдохгүй бол хүнийг цагаатгах ёстой, нотлогдож буй бол шууд ялаа өгөх ёстой. Тэрээс биш чи ийм ял өгөөд ир, чи ингэ гээд чиглэл даалгавар өгдөг газар бол Шүүх биш. Мөрдөн прокурор, мөрдөн шалгах байгууллагын дутуу хийсэн ажлыг Шүүх гүйцээдэг байгууллага бас биш. Тиймээс ХЗБХ-ны гишүүд бид хамтдаа энэ асуудлаар ҮХЦ-д хандах энэ асуудлыг үндсэн хуулийн шүүхийн хэмжээнд эцэслэн мухарлах санал хүсэлт гаргая гэсэн санал бодолтой байна. Өчигдөр О.Алтангэрэл сайд Д.Цогтбаатар гишүүний асуудлаар мэдэгдэл хийсэн байна. Миний олж үзсэнээр Д.Цогтбаатар гишүүнд буруу байгаагүй. Хууль мухардана гэж байдаггүй. Хууль мухардахад хүрвэл ҮХЦ энэ үүргийг хуваарилах биш өөрөө шийдвэрлэдэг байх ёстой юм.