2025.04.18

Б.Энхбаяр: Нотол, эсвэл цагаатга! Хууль мухардахад хүрвэл Үндсэн Хуулийн цэц арилгах үүрэгтэй

УИХ-ын чуулганы /2025.04.18/-ны өдрийн хуралдаанаар "Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай" хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 33 жилийн түүхэнд УИХ-аас анх удаа ҮХЦ-д хандан. Тодорхой хууль, Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргах гэж байгаа юм. Тэр утгаараа анхны жишиг тохиолдол болж байгаа нь цаашаа прецидентийг эхлүүлж байна. Энэ бол зөв жишиг болох байх гэж бодож байна. Тийм учраас УИХ хүсэлт гаргасан тохиолдолд ҮХЦ маргаан үүсэх үү, үгүй юу гэдэг асуудлыг хэлэлцдэггүй. Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ шууд хуралдаж энэ асуудлыг шийдвэрлэдэг онцгой тийм горимтой. Тэр утгаараа энэ тохиолдлыг дэмжиж байна. Тэмүүжин гишүүн ч гэсэн үндэслэлээ нэлээн нухацтай сайн боловсруулж орж ирсэн учраас дэмжиж байна. Цаашдаа УИХ ҮХЦ-д олон асуудлаар хүсэлт гаргах байх гэж бодож байна. Тухайлбал Пүрэвдорж, Сандаг-Очир, Цогтбаатар дарга бид нар өнгөрсөн парламентын үед энэ шүүхээс буцаадаг асуудлыг болиулсан юм. Нотол, нотолж чадахгүй бол цагаатга гэдэг ийм зарчмыг Эрүүгийн процессын хуульд суулгасан. Харамсалтай нь шүүх үзэмжээрээ зарим хүмүүсийн хэргийг шүүхээс буцаагаад байгаа. Прокурор мөрдөн шалгах байгууллагын дутуу хийсэн ажлыг шүүх гүйцээдэг байгууллага бас биш. Тийм учраас ХЗБХ-ны гишүүд хамтдаа энэ асуудлаар ҮХЦ-д хандаж энэ асуудлыг үндсэн хуулийн шүүхийн хэмжээнд эцэслэн мухарлах санал хүсэлт гаргая гэсэн ийм санал бодолтой байгаа. Даваагийн Цогтбаатар гишүүний асуудлаар Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гараад гэм буруутай гээд үзчихсэн одоо хуулийн мухардалд орчихсон гээд хэлчихсэн байна лээ. Хуульд бол мухардал гэж байдаггүй. Хууль мухардсан бол ҮХЦ өөрөө энэ мухардлыг арилгаж байх чиг үүрэгтэй. Хэрвээ УИХ мухардчихаад байгаа юм бол ҮХЦ-д хүсэлтээ гаргаж энэ асуудлаа шийдвэрлэгдэх ёстой.