2025.04.18

Х.Тэмүүжин: 33 жилийн түүхэнд анх удаа Улсын Их Хурал ҮХЦ-д хүсэлт гаргаж байна

УИХ-ын чуулганы /2025.04.18/-ны өдрийн хуралдаанаар "Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай" хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

Энхбаяр гишүүний хэлж байгаачлан 33 жилийн түүхэнд анх удаагаа УИХ ҮХЦ-д хүсэлт гаргаж байгаа. Хүсэлт гаргах болсон шалтгаан бол нэлээн нюанстай. Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ-ын шийдвэр зөвхөн ҮХЦ-д хянагддаг. Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар. Тэгтэл өнөөдөр практик дээр юу болсон бэ гэхээр УИХ-ыг ердийн шүүх дуудаж байгаа. УИХ-ын тэмдэглэл, хуралдаанаар шийдсэн асуудал, шийдэх болсон үндэслэл гэх мэтчилэн олон зүйлийг шүүх нотлох баримтын хэмжээнд гаргаж өг гэж шаардаж байгаа УИХ итгэмжилсэн төлөөлөгчөө энэ хуралдаанд томил гэж хэлж байгаа. УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын даргыг томилсон, чөлөөлсөн асуудлаар нэг иргэн гомдол гаргасан. УИХ Ерөнхий сайдыг огцруулах, УИХ ямар нэгэн албан тушаалтныг томилох асуудлаар томилогдоогүй хүн УИХ-ыг шүүхэд өгөх хэмжээний гажуудал үүсэх гэж байгаа. Тэгэхлээр энэ гажуудалыг бол бид засах ёстой. Монгол Улс бол парламентын засаглалтай гэж ярьдаг. Үндсэн хууль дээр төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ гэж хэлдэг. Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгалагдана. УИХ Монгол Улсын гадаад дотоод бүхий л асуудлыг авч хэлэлцэх эрхтэй гэж Үндсэн хуулийн заалт байгаа. Энэ үндсэн хуулийн хил хязгаарыг ердийн шүүх давж алхаж ерөөсөө болохгүй. Тэгээд энэ гажгийг таслан зогсох нэг арга зам бол энэ Цэцтэй холбоотой хүсэлт илэрхийлэх. Яагаад ийм гажиг үүссэн бэ гэхээр УИХ сүүлд Шүүхийн тухай хууль дээр Дээд шүүх харьяалал нь тодорхойгүй маргааныг шүүхийн харьяалалыг тогтоож өгч болно гэдэг байдлаар бичсэн. Тэгтэл 1997 онд Цэцийн тухай хууль дээр яг ийм заалт орчихсон юм байна лээ. Үндсэн хууль дээр бол Цэцэд ийм эрх мэдэл олгогдоогүй байгаа. Яг энэ асуудлаар иргэн гомдол гаргасаар байгаад ҮХЦ-ээс шүүхийн харьяалал тогтоогоод Захиргааны шүүхэд УИХ-ыг өгчихсөн юм байна лээ. Тэгэхээр УИХ нийтийн захиргааны байгууллага шиг болж хувирч байгаа. Энэ бол Үндсэн хуулийн дэг журам үндсэн хуулийн суурь байгуулал өөрөө ганхахад хүрэх хэмжээний эрсдэлтэй үр дагавар учраас энэ асуудлыг шийдэхийн тулд энэ арга замаар бид явж байгаа. Та бүхэн өнөөдрийн энэ асуудлыг хариуцлагатайгаар дэмжээд өгөөрэй.