2023.06.08

Д.Сарангэрэл: Азийн хөгжлийн банкны төсөл, хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжиж байна уу

Монгол Улсын Их хурлын 2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Азийн хөгжлийн банкны шугамаар хэрэгжиж байгаа төслүүд, авч байгаа хөнгөлөлттэй зээлүүдийг Монголын нийгэм, эдийн засгийн болон тулгамдаж байгаа салбаруудад шийдэл болдог, үр дүнтэй хэрэгждэг ажил гэж ойлгодог.  Ковидын үед Азийн хөгжлийн банкны шугамаар 34,4 сая доллар, Дэлхийн банкны шугамаар 26,9 сая долларыг эрүүл мэндийн салбарын тоног, төхөөрөмж авах, болзошгүй эрсдлээс хамгаалах, бэлэн байх чиглэлээр зээлийн гэрээг соёрхон баталж, УИХ-аар оруулж байсан.

Олон улсын зээл, хөтөлбөрийг Сангийн яам хариуцдаг учраас тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уг асуудлыг оруулж, хэлэлцүүлсэн. Харамсалтай нь биднийг Засгийн газарт  ажиллаж байхад буюу намайг Эрүүл мэндийн сайд байх үед хүн амын дунд коронавирусын халдвар гараагүй. Эрсдэл гарвал бэлтгэл хангуулах үүднээс Сангийн яам, ялангуяа сайд Ч.Хүрэлбаатар манлайлан ажиллаж, дээр дурдсан тоо бүхий төслийг батлуулсан.

Энэ мөнгийг Засгийн газар идэж, уугаад үр дүнгүй зарсан асуудал яригддаг. Намайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад хүн амын дунд коронавирусын халдвар гараагүй учраас гэрээний мөнгөний нэг долларыг нь ч зарцуулаагүй. Дараагийн ажил авсан Т.Мөнхсайхан болон С.Энхболд сайд нар Азийн хөгжлийн банкны шугамаар 34,4 сая доллар, Дэлхийн банкны шугамаар 26,9 сая долларыг зарцуулсан. Өнөөдөр уг зээлийн зарцуулалт ямар байна вэ? Шууд асуухад Азийн хөгжлийн банкны шугамаар УИХ-аар батлуулсан 34,4 сая доллар Эрүүл мэндийн салбарт хэрхэн яаж үр дүнгээ өгсөн бэ? Олон нийтийн шүүмжлээд байгаа шиг үр дүнгүй, хэн нэгэн хүний карманд орчихсон, авлигал хээл хахууль болчихсон зүйл бий юу?