АХБ-ны санхүүжилтээр 415 амьсгалын аппарат худалдан авна
2020.04.23

АХБ-ны санхүүжилтээр 415 амьсгалын аппарат худалдан авна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдлаа. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

 

ТБХ-на санал дүгнэлтйг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав. 

Коронавирусын халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд Монгол Улс, Азийн хөгжлийн банктай хамтран Улсын онцгой комиссын коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусгасан  “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг  байгуулаад  байгаа аж.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 1 хувь юм байна. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү гэлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уг төслийг соёрхон батлах нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ.

Сангийн сайдын танилцуулга болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ж.Батзандан нар асуулт асууж хариулт авлаа. Сангийн сайд хариулахдаа, энэхүү 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн 200-250 орчим сая ам.доллараар төсвийн алдагдлыг санхүүжүүлнэ.

Харин эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай тусламжийн бүрэн хэмжээний бэлтгэлийг хангахад 30 сая ам.долларын зээлийн хүү нь 1 хувь, зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. 20 сая ам.долларыг цар тахлын нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зарцуулахаар төлөвлөжээ. Энэ санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн талаарх яриа хэлцэл COVID-19-ийн халдвар тархаж эхэлсэн үеэс буюу 2020 оны 02 дугаар сараас эхэлсэн гэлээ. Монгол Улсын Засгийн газраас цах тахлын үед шуурхай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа бөгөөд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны төслүүдэд дахин төлөвлөлт хийсэн байна.

Одоогоор амьсгалын 70 гаруй аппарат, нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авч эрүүл мэндийн байгууллагуудаа хангаад байгаа талаар салбарын сайд Д.Сарангэрэл мэдээллээ. Хэлэлцэж буй хөтөлбөрийн хүрээнд амьсгалын 415 аппарат авахаар тусгагдсан, улмаар эрчимт эмчилгээний 500 орыг бий болгох, үйлчилгээг бэхжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.  

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан учир санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.3 хувь нь дэмжиж, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа.