Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр дэмжигдлээ
2019.09.12

Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр дэмжигдлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.09.12) хуралдаанаар хэлэлцээр, зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөхтэй холбоотой дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Засгийн газраас  2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг  хэлэлцсэн.  

Төсөл санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Хот, хөдөөгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх мөн эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавх бэхжүүлэх зорилгоор  3 үе шаттай, 10 жилийн хугацаатай,  “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг төлөвлөөд байна. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.3 сая ам. долларын  энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус тус хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөр нь Монгол Улсын олон улсын хөтөлбөрийн гэрээний тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай гэдгийг онцолсон. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол асуулт асууж,  үг хэлэв.

Тэрбээр, Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь чухал асуудал гэдгийг дурдаад төслийн хүрээнд Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай дүүргүүдийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээхэд онцгой анхаарах боломж, бололцоо байгаа эсэхийг тодруулсан.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Өрхийн эрүүл мэндийн үйл ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх шаардлагатай байна. Ялангуяа эмзэг бүлгийн иргэд хүссэн үедээ, хүссэн газраасаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байгаа. Иймд энэ төслийн хүрээнд зургаан жишиг өрхийн эмнэлэг байгуулна хэмээн хариулж байлаа.
Ингээд хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив.