2018.03.20

АХБ-ны 468 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлснээр УИХ-ын 2018 оны 02 сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан юм.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон билээ. Үүний хүрээнд дараах нөхцлөөр Монгол Улс Азийн хөгжлийн банкнаас зээл авах юм. 

  • Төсөл хэрэгжих хугацаа: 2017-2018 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд зарцуулана
  • Зээлийн хэмжээ: 468 сая ам.доллар, Үүний 404 сая ам.долларыг энгийн эх үүсвэрээс, 64 сая ам.долларыг хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
  • Зээлийн хүү:  2 хувийн хүүтэй, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй. 
  • Хугацаа:  25 жил. Энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл, Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдаг байна.

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд дараах төслүүдийг хэрэгжүүлэх юм. Эдгээр төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталсан байна.

  1. Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих төсөлд 50 сая ам.доллар.Энэ хөрөнгөөр 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2 ээлжид шилжүүлнэ. Нийт 2 сургууль, 8 цэцэрлэгийг шинээр барих, 8 сургууль, 16 цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх  юм.

  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх төсөлд 25 сая ам доллар зарцуулна.

  • Бүс нутгийн замыг хөгжүүлэх, зам засварын төсөлд 60 сая ам.доллар. Энэ хөрөнгөөр Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замын зам засварын ажлыг хийх, өгсүүр хэсгүүдэд нэмэлт эгнээ барих ажлыг гүйцэтгэнэ.

  • Зүүн өмнөд Говийн хот байгуулалт, хилийн ойролцоох суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилтэд 20 сая ам.доллар. Энэ хөрөнгөөр Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Хэнтий аймгийн Чингис сум, Булган аймгийн Булган сум, Дундговь аймгийн Мандалговь сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 3000 м3/хоногийн хүчин чадалтай бүрэн биологи цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламж барих ажил хийгдэх аж.

  • Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөлд 40 сая ам.доллар. Энэ хөрөнгөөр Увс аймгийн Өмнөговь суманд 10 мВт салхин цахилгаан станц, Ховд аймгийн төвд 500 кВт газрын гүний дулааны насос, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 10 мВт нарны цахилгаан станц, Говь-Алтай аймгийн Алтай суманд нар, салхины хосолсон станц барих зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

  • Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөлд 25 сая ам.доллар зарцуулна.

  • Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр /Төсвийн дэмжлэг/-т 130 сая ам.доллар зарцуулна.

  • Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөлд 38 сая ам.доллар зарцуулна.

  • Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлтийн төсөлд 80 сая ам.долларыг тус тус санхүүжүүлэхээр болсон.


Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр санхүүжилтийг үр дүнтэй зарцуулахыг санал болгож байснаас гадна  “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл"-ийн хуваарилалттай холбоотой нилээд маргаан дагуулсан юм.  

Монгол Улсын Засгийн газрын 142 дугаартай, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан тогтоолоороо “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрт “Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний паркыг Хэнтий аймагт байгуулах, дэлхийн өв-Орхоны хөндийн аялал жуулчлалын үндэсний парк байгуулах, Өгий нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалах, хамгаалах аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Хөвсгөл аймагт нутгийн иргэдэд түшиглэсэн байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын цогцолбор байгуулах гэж заасан.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн төсвийг зарцуулахаар хуваарилсан байсан. Үүнийг өөрчилсөн нь буруу бөгөөд анх төлөвлөсний дагуу төслийн төсвийн хуваарилалтыг хийх нь зүйтэй гэдэг байр суурийг гишүүд илэрхийлсэн юм. 

Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ санхүүжилтийн хувиарлалт дээр нилээд шүүмжлэлтэй хандсан юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Энэ хөтөлбөрийн “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-д “Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний паркыг Хэнтий аймагт байгуулах, дэлхийн өв-Орхоны хөндийн аялал жуулчлалын үндэсний парк байгуулах төсөл орсон байсан. Харамсалтай нь хасагдсан байна. Үүнийг өөрчилсөн нь буруу бөгөөд анх төлөвлөсний дагуу төслийн төсвийн хуваарилалтыг хийх нь зүйтэй гэдэг байр суурьтай байсан юм.

Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Монголын төр бодлогоороо гадаадаас авч байгаа зээлийг зөв зүйлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Хөвсгөл болон Архангай аймгийг байгалийн аялал жуулчлалын чиглэлээр, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын чиглэлээр, Улаанбаатар хотыг соёлын аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ гэсэн том шийдвэрүүдийг гаргасан. Чингис хааны асуудал болон түүхэн аялал жуулчлалыг ярьсан шалтгаан нь 2016 онд "Lonely planet" гэх дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаагаар Монголд ирэхэд очих газруудын жагсаалтын гуравдугаарт Чингисийн төрсөн нутаг орсон байсан. Энэ бол анхаарах ёстой асуудал. Төрийн ажил залгамж шинж чанараар явах ёстой.  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээд, шийдвэрлэгдсэн асуудлыг дараагийн Засгийн газар үргэлжлүүлж авч явах ёстой.