Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад 170 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээл олгоно
2021.05.05

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад 170 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээл олгоно

Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг хэлэлцэв. 

Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хийлээ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт ачаалал, дарамт ирэхээс сэргийлж бусад чухал эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үргэлжлүүлэн иргэдэд чирэгдэлгүй хүргэх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусгасан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг байгуулж, УИХ-ын чуулганы 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар соёрхон батлуулсан.

Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 156.4 сая ам.долларын хоёр төсөл, төсвийн дэмжлэгийн нэг хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Харин 2021 онд 100 сая ам.долларын эх үүсвэр бүхий төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийн болон 40 сая ам.долларын эх үүсвэр бүхий Ковид-19 цар тахлын эсрэг вакцин худалдан авах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.

Мөн цар тахлын үед нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах ажлын хүрээнд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, 2021 оны 07 дугаар сар хүртэл олгох ажлыг дэмжих зорилгоор 73 сая ам.долларын, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах нийгэм хамгааллын хоёр төслийг батлуулахаар төлөвлөжээ.

“Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг баталснаар Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад 170 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг олгох юм байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү 2 хувь байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг төсвийн урсгал зардалд зарцуулахгүй байхад анхаарах ёстой сануулж, дахин бонд босгож, зээл авах эсэхийг тодрууллаа.

Азийн хөгжлийн банкнаас авах зээлийг төсвийн дэмжлэг болон цар тахлын эсрэг вакцин худалдан авахад зарцуулна. Гадаад өрийг ДНБ-ий 60 хувиас хэтрүүлэхгүй байх бодлого барьж байгаа учраас тодорхой зохицуулалтыг хийж ажиллана гэдгийг Сангийн сайд хариултаа онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явууллаа. Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг зөвшилцөхийг байнгын хорооны гишүүдийн 52.9 хувь нь дэмжлээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулахаар болсноор хуралдаан өндөрлөлөө.