“Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг дэмжлээ
2019.09.12

“Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн  (2019.09.12) хуралдаан 13  цаг 10 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. 

Төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Хот, хөдөөгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх мөн эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавх бэхжүүлэх зорилгоор  3 үе шаттай, 10 жилийн хугацаатай,  “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг төлөвлөөд байна. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.3 сая ам.долларын  энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус тус хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөр нь Монгол Улсын олон улсын хөтөлбөрийн гэрээний тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай гэдгийг онцолсон. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Х.Нямбаатар нар асуулт асууж, санал хэллээ. Ингээд “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.