Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг баталлаа
2019.09.12

Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг баталлаа

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.12/ нэгдсэн хуралдаан 17 цаг 20 минутад эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсанхуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улс нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны гишүүнээр 2000 онд гишүүн, 2006 онд зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болжээ. ЕСБХБ-ны Монгол дахь үйл ажиллагаа 2017 он хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэсэн байсан бөгөөд ЕСБХБ-ны Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичгийг 2017 оны 06 дугаар сард баталсан байна. Ингэснээр тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг зарим гишүүн орнуудын адил байгуулж, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх төслүүдийг багцлан үр дүнтэй түргэн шуурхай батлуулах боломж бүрдээд буй аж. “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд нийт 300 сая ам.долларыг олгох бөгөөд эргэн төлөгдөх хугацаа 10-18 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3-5 жил байх аж. “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулах шаардлага бий болсон хэмээн Сангийн сайд танилцуулсан юм. 

Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед асуулт асуух, санал хэлэх гишүүд гараагүй хэмээн УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, хариулт авсаны дараа хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийг баталлаа.