Томоохон төсөл, хөтөлбөрүүдийг АХБ-аас санхүүжүүлнэ
2023.06.08

Томоохон төсөл, хөтөлбөрүүдийг АХБ-аас санхүүжүүлнэ

Монгол Улсын Их хурлын 2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцууллаа.

Монгол Улсын хамгийн том түнш байгууллагын нэг болох Азийн хөгжлийн банктай ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор тус банкнаас Монгол Улсад хуваарилж болох 655 сая ам.долларын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг хийлээ.

Энэхүү  санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг Улсын Их Хурлын төсөв, эдийн засаг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодод танилцуулж, хөтөлбөрт гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамжийн төслийг зөвшилцөн дэмжсэнээр хоёр талаас гарын үсэг зурсан.

АХБ-тай байгуулах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр нь олон улсын гэрээ бөгөөд УИХ-аар зайлшгүй соёрхон батлах шаардлагатай тул ийнхүү хуулийн төслийг боловсруулж оруулж ирж байна. Тус хөтөлбөрийг УИХ-аар соёрхон батлуулснаар хөтөлбөрийн эх үүсвэрийг заавал авч ашиглах үүрэг хүлээхгүй бөгөөд энэ нь зээлийн гэрээ биш юм. Харин хөтөлбөрийг Улсын Их Хурлаар соёрхон баталсан тохиолдолд АХБ-тай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг зээлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулж ажиллах боломжтой болно гэлээ.

Хөтөлбөрт гарын үсэг зурснаас хойшх хугацаанд дараах төсөл, хөтөлбөрийн зээлүүдийн яриа хэлэлцээг АХБ-тай эхлүүлэн, бэлтгэл ажлыг хангаж ажиллажээ.

Төсвийн дэмжлэгийн хэлбэрээр гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 200 орчим сая ам.доллар. Үүнд:

  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогын арга хэмжээг дэмжих төсвийн дэмжлэгийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллар;
  • Төсөв, санхүү, эдийн засгийг бэхжүүлэх төсвийн дэмжлэгийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллар;
  • Шинэ сэргэлтийн бодлого болон Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор 400 орчим сая ам.доллар.
  • Хилийн үр бүтээмжийг сайжруулж тогтвортой худалдааг дэмжих төслийн хүрээнд 100 сая ам.доллар орчим;
  • Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар арчлалын төслийн 3-р үе шатны санхүүжилтийн хүрээнд 150 сая ам.доллар орчим;
  • Эрдэнэбүрэн Мянгад Улиастай эрчим хүчний ЦДАШ-ын төсөл багтаж буй аж.
  • Түүнчлэн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэхэд 50-55 сая ам.доллар. Үүнд:
  • Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2-р үе шат багтжээ.
  • Одоо хэрэгжиж байгаа төслийн нэмэлт санхүүжилт хэлбэрээр 10-15 сая ам.доллар зарцуулагдана