“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ
2019.09.12

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн  (2019.09.12) хуралдаан 13  цаг 10 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Засгийн газраас  2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. 

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн сапбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Дээрх салбаруудын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2019-2020 онд Монгол Улсад 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны энгийн эх үүсвэрээс 252.0 сая, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82.0 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж.  Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн нэмэлт санхүүжилт, бүс нутгийн замыг сайжруулах нэмэлт санхүүжилт, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхээр таван төслийг тохирсон. Эдгээр төслүүдийг “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т тусгасан байна.   

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлэв. Ингээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.