ТББХ: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжив
2021.01.27

ТББХ: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжив

  Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.01.27) хуралдаан 12 цаг 51 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэв.

 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулснаас хойш Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын 3 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” заасан. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа.

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газар огцорсонтой холбоотойгоор Монгол Ардын Намаас Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд оруулж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулсан. 

Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. 1998 онд Хэнтий аймгийн Бэрх сумын ерөнхий боловсролын сургуулийг, 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг, 2015 онд Харвардын Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

Тэрбээр 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх сумын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2008 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн багийн ахлагч, Бүс хариуцсан захирал, 2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, 2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн намын байгуулалтын газрын дарга, 2011-2014 онд Нийгмийн Ардчилал Залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. 2016, 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан, нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэллээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлсэн бөгөөд Ерөнхий сайд төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцахаар заасныг Ж.Сүхбаатар гишүүн онцолсон бол Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад онцгой анхаарах саналыг Б.Пүрэвдорж гишүүн хэлж байв. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх, нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” чиглэлээр Улсын Их Хурал олон ажлыг хийж байгаа бөгөөд нэр дэвшигчийн энэ талаарх байр суурийг тодруулсан. 

Гишүүдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн, нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа "Монгол Улсын Үндсэн хуулийг бүх иргэн, бүх төрийн байгууллага дагаж, мөрдөх үүрэгтэй. Засгийн газар ч энэ хүрээнд ажиллаж үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдэл харилцан хяналт, тэнцэлтэй байх ёстой. Шүүх эрх мэдэл бие даасан, хараат бус, парламент нь Засгийн газар чиглэл өгөх, үүнийг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ хяналт, тэнцлийг хангаж ажиллана. Хуулийн засаглалтай байх ёстой. Ийм итгэл үнэмшлээр ажиллах болно" гэлээ.  

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 14 нь Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

 Санал ийнхүү дэмжигдсэн тул Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дахь хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дэх хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилж, энэхүү тогтоолыг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ. Үүгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.