2021.01.27

Н.Ганибал: Бүтэн жил алдсан сурах боломжийг нөхөх чиглэлд улсын төсвийг чиглүүлмээр байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

"АН-ын бүлгээс Л.Оюун-Эрдэнэ сайдыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. МАН олонхиороо шийдвэр гарах байх. Нэг асуудлыг богино хугацаанд заавал хэлмээр санагдаж байна.

Цар тахлын үед хамгийн эмзэг байдалд орж байгаа салбар бол боловсролын салбар. 1990-ээд оны нийгмийн шилжилтийн улмаас олон мянган хүүхэд сургуулиас завсардсан боловсролын салбарын түүхэнд гашуун сургамж бий. Тэр үеийн хүүхдүүд одоогийн бичиг үсэг үл мэдэгч залуус буюу ядуу эмзэг үеийн том төлөөлөл болж байна. Тэгэхээр сургуулиуд, тэр дундаа халдвар илрээгүй орон нутгуудад танхимын сургалтыг нээж, үйл ажиллагааг эрчимжүүлмээр байна. Өмнөх засгийн газарт бид хэлж байсан. Өнөөдөр ажил хэрэг болоогүй байна. 

Өнгөрсөн оны эхээр халдвар гараагүй байхад улсын хэмжээнд тэнхимийн үйл ажиллагааг зогсоож асар их боломжийг алдсан. Энэ алдааг дахин давтмааргүй байна. Сурч боловсроход зориулсан 1 жил тутамд хүүхдийн ирээдүйн орлого 10 орчим хувиар өсдөг гэх судалгаа бий. Тиймээс сургуулийн үйл ажиллагааг дэндүү урт хугацаагаар хаах нь бидний үр хүүхдүүд, дараагийн хэд хэдэн үеийн ирээдүйд асар их хохирол учруулах болно. Бүтэн жил алдсан сурах боломжийг нөхөх чиглэлд улсын төсвийг чиглүүлмээр байна.

Боловсролд зарцуулсан хөрөнгө оруулалт зардал биш ирээдүйн хөрөнгө оруулалт болно. Тиймээс шинэ ерөнхий сайд оновчтой үр дүнд хүрэх ажлыг асуудлаас зугтахгүйгээр улсын эрх ашигт нийцүүлж, шийдвэртэй зөв алхамыг залуу хүний хувьд хийх хэрэгтэй. Замын дундаас няцаж болохгүй.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайшгаас хамааралдтай эмзэг бүтэцтэй. Танай засгийн газар үйлдвэрлэлээ дэмжиж, эдийн засгаа солонгоруулах чиглэлд аль салбараа анхаарч дэмжих вэ?"

Түүний асуултанд нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn