Б.Уянга: Төрийн албаны зөвлөлөөр бүх яамд албан тушаалтны тодорхойлтоо батлуулдаг, гэтэл төрийн албанд давхардал их байна гэдэг, энэ хариуцлага ТАЗ-тэй холбоотой юм биш үү!
УИХ-ын чуулганы /2025.06.19/-ний өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчдийг танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Уянга дараах байр суурийг илэрхийллээ.
Нэр дэвшигч нарын материалтай танилцсан дэмжиж байгаа. Гэхдээ тодруулах зүйл, та хэдийн саналыг сонсмоор байгаа юм. Сүүлийн хэд хоногуудад эмч, багш нараас бусад 14 мянга гаруй төрийн албан хаагч нарыг цомхотгоно гэсэн мэдээлэл гарч ирлээ. Та нар төрийн албаны тухай хуулийг мэдэж байгаа. Төрийн албаны ерөнхий шалгалтыг өгөөд энэ дотор нь ажиллаж байсан хүний хувьд 62.1.4 дүгээр заалтыг заавал сануулъя гэж үзлээ. Төрийн байгууллага хэрвээ татан буугдах, өөрчлөн байгуулагдах эсвэл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжлийн дагуу, өөр ажил албан тушаалд шилжих эсвэл төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах. Эсвэл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаасаа авна гэж байгаа юм. Энэ хуулийн заалт мэдээж хэрэгжих л байх.
Энэ 14 мянган төрийн албан хаагчийг цомхотгох асуудал нь давхардсан орон тоо их байна гэж яриад байгаа .Тэгэхээр ТАЗ дээр бүх салбар яамдууд өөрсдийнхөө ажлын албан тушаалын тодорхойлолтыг батлуулдаг. Энэ баталж буй субъект нь өөрөө давхардлаа харах ёстой. Миний бодлоор хариуцлага ТАЗ-ийнх юм шиг. Энэ асуудал дээр ямар бодол, саналтай байна? Ялангуяа,УИХ-ын Тамгын газарт маш олон жил ажилласан Д.Төгсцэнгэл нэр дэвшигчээс яг энэ асуултууд дээрээ хариулт авахыг хүссэн юм. Дараагийн асуулт нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан даргын санаачилсан шүүр ажиллагаа гээд 5 ш ажиллагааны хүрээнд явсан. Энэ ньшинээр хууль тогтоомж бий болгоод хэрэгжүүлэх гэсэн биш, байгаа хууль хэрэгжих ёстой.
Төрийн албанд шаардлага хангаагүй албан хаагчдыг яах вэ гэдэг дээр "шүүр" ажиллагаа амжилттай сайн хэрэгжсэн гэж би боддог. Энэ "шүүр" ажиллагаа гэж нэрлээд үүнийг заавал хүчитгээд явах шаардлагагүй. Ер нь л төрийн албаны хуулийг Хөдөлмөрийн хуультайгаа хэрэгжүүлээд явах ёстой. Энэ шүүр ажиллагааг үргэлжлүүлээд явах юм уу, эсвэл хуулийн хэрэгжилтдээ анхаараад явах юм уу? Ер нь төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа хамгаалж өмөөрсөн байр суурьтайгаар энэ үгээ бол хэлж байгаа юм.

Сэтгүүлч