Х.Тэмүүжин: Эрх мэдлийг хулганы хөеө шиг зөөж болохгүй шүү!
УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
Ерөнхий сайд томилогдох гэж байгаа энэ үйл явдалтай холбоотойгоор хэд хэдэн үг бас хэлмээр санагдаж байна. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн Ерөнхий сайдын томилгоотой холбоотой асуудлыг зөв голдиролд нь оруулж хэрэглэхгүй бол бүүр буруу тийшээ явчихлаа. Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх эрх мэдэл бол парламентын олонход байгаа тэр олонхыг авсан нам шийдвэрээ бүлгээрээ гаргах ёстой. Харин парламентаас гадна хуралдаад, гаднаас шийдвэр гаргаж ирээд яг цөөнхийн бүлэгт танилцуулж байгаа юм шиг танилцуулдаг жишиг ерөөсөө байж болохгүй. Хоёрт, парламентын олонхын бүлэг олонх болсон. Тэр хэсэг нь Ерөнхийлөгчид Ерөнхий сайдынхаа нэрийг өгөх ёстой болохоос биш нам хөндлөнгөөс нь өгч ерөөсөө болохгүй. Ингэх юм бол утга учир нь нөгөө парламентын засаглал гэдэг утга утга учир өөр алга алга болж байгаа. Үүнийг биднэг бодох ёстой.Мөн шинэ Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хүн маань яасан ч цочроотой, бас тийрэлттэй байх юм бэ дээ.
Ковид болон хоёр удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд хэт олонх байсандаа эрдээд шүүмжлэл, өөрөөсөө өөр дуу хоолойг сонсох тэвчээргүй болсон бол, Монгол Улсын ерөнхий сайдыг хийх чадваргүй гэсэн үг. Асуудалд субъектив хандахаасаа илүүтэйгээр бодлогоо ярих хэрэгтэй. Дахиад би нэг үг хэлмээр санагдаад байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газар нэг зүйл дээр бат зогсох ёстой. Монгол Улсын гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан байдлыг хамгаалах ёстой, хэн нэгний гарын үзүүрт зарагддаг хүүхэлдэй байж болохгүй. Би мэдэж, сайн санаж байна. Тухайн үед Ж.Эрдэнэбат билүү Ерөнхий сайд байсан. Энэ Ерөнхий сайд өөрөө Ерөнхий сайд байж чадаагүй дараагийн Ерөнхийлөгч энэ хүн болно гэж горьдоод итгээд эрх мэдлийг яг хулгана хөеөгөө зөөж байгаа юм шиг Ерөнхийлөгч рүү зөөж гүйсэн. Харамсалтай нь бодсон хүн нь Ерөнхийлөгч болоогүй, өөр хүн болчихсон. Хамгийн түрүүнд зөөж гүйсэн эрх мэдлийнхээ золиосонд өөрөө огцорсон. Монгол Улсад энэ түүх дахиад давтагдах вий. Эрх мэдлийг хулганы хөеө шиг зөөж болохгүй шүү.