2025.06.12

Б.Түвшин: Урсгал зардлыг богино хугацаанд 20%, дунд хугацаандаа 50% хүртэл бууруулах нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

Шинэ Ерөнхий сайдын маань нэр дэвшиж байгаа энэ хугацаа бол гадаад, дотоод эдийн засгийн хувьд нэлээн хүнд орчин гэж бүгдээрээ яригдаж байгаа. Нэг талаас бол нүүрсний үнэ 44%-аар унасан. Үнийн хувьд ч буурч байна. Тоо хэмжээний хувьд ч буурч байна. Энэ байдлаараа явахаар бол 2,3-аас 2,5 их наядаар улсын төсөв тасрах эрсдэлтэй гээд яригдаж байгаа.Тэгэхдээ үүнийг нөгөө талаас нь харвал боломж. 2020 он буюу одоогоос 4 жилийн өмнө манай Монгол Улсын нийт төсөв 13,9 их наяд байсан. Урсгал зардал 10,8 их наяд байсан. 2025 онд төсвийг 33,4 их наядаар баталсан. Урсгал зардлыг 25,3 их наядаар баталсан. Энэ 4 жилийн дотор гэхэд л зөвхөн урсгал зардал 2,5 дахин нэмэгдчихсэн байгаа. 2020 онд төр явж л байсан, төрийн үйлчилгээнүүд хүрдгээрээ хүрч л байсан. Урсгал зардал үндсэндээ 2,5 дахин нэмэгдчихээд байдаг. Өнөөдөр худал, хуурмаг явдал, хулгай л ихсэж байгаа болохоос биш энэ бүтээмжтэй байдал алдагдчихсан. Тиймээс энэ урсгал зардлыг богино хугацаанд 20%,  дунд хугацаандаа 50% хүртэл бууруулаач ээ. Ингэж байж Монгол Улсын төсөв эдийн засаг гадаадын уул уурхайн хамааралтай үнийн бууралтаас хамгаалагдах юм байгаа юм. Өнөөдөр 25, 26 их наядын урсгал зардалтай байхад нүүрсний үнэ, алт зэсийн үнэ жоохон хөдлөх төдийд л бид нар байнга эмзэг байдалтай байна. Их хэмжээний урсгал зардалтай байхад хөрөнгө оруулалт хийх ямар ч орчин бүрдэхгүй. Энэ тал дээр нэг тодорхой хариулт өгөөч.

Хоёрдугаарт өнөөдөр иргэд ААН-ийн татварын болон нийгмийн даатгалын ачаалал дээд хэмжээндээ туллаа. Үүнийг та 20%-аар бууруулж чадах уу? Ойрын үед. Энэ дээр эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй бол  бизнес ААН-үүд иргэд бүсээ чангалаад тартагтаа туллаа шүү.

Гуравдугаарт 170 гаруй малчин өрх, 400 гаруй ХАА дээр байдаг нүүдлийн малчин иргэд байж байна. Ноос ноолуур махыг нь бүгдийг нь бид нар худалдан авах нэгдсэн тогтолцоо байхгүйгээс дөнгөж улирлын шинж чанартай Оросын ч бай Хятадын ч бай ченжүүд орж ирдэг. Эд нар нь худалдан авахдаа үр ашгийг нь тэндээ авчихдаг малчдад өгөөж байдаггүй. Үндэсний хүнсний тогтолцоо, үндэсний энэ нүүдлийн МАА-н тогтолцоогоо хийж үр өгөөжийг нь малчдадаа хүргүүлэх боломжтой. Энэ талаар та ямар бодлого баримталж ажиллах вэ?

Түүний асуултад, Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар хариуллаа.