2025.06.12

Д.Үүрийнтуяа: Төрөлтийг дэмжих, нас баралтыг бууруулах, нөгөөтэйгүүр цус ойртолт, гений асуудлыг шийдэх тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ?

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:

Улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд олон сорилт тулсан энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тулхтай, туршлагатай, за мэдлэг, ур чадвартай улс төрчийг Монгол улсын Ерөнхий сайд болгохоор санал оруулж ирж байна. Г.Занданшатар даргыг бүрэн дэмжиж байгаа. Хүний хөгжил нь хамгийн том мега төсөл байна. Цалинтай ээж хөтөлбөр, хүүхдийн мөнгө халамж биш ээ гэдэг дээр таны гишүүдийн асуултад хариулж байгаа хариулттай бүрэн санал нийлж энэ чиглэлийн бодлогыг дэмжиж байна. Надад асуух 3 асуулт байна.

Бид хүний хөгжлийн асуудлыг авч хэлэлцдэг мөртөө бодит байдал дээр хэрэгжүүлэх тал дээрээ дорвитой алхмууд хийж чадахгүй байгаа гэж харагдаж байгаа. Өнөөдөр байгаа хүнээ хөгжүүлэх асуудлаас гадна Монгол улсын хүн ам зүйн бодлогын асуудлыг яах ёстой юм бэ? Та энэ дээр ямар бодлого барих вэ? Хүн амын өсөлт жил ирэх тусам буурч байна. Ялангуяа орон нутагт хүнгүй боллоо. Хүн амын тоо орон нутагт жил тутамдаа улсын дунджаар буурч, төрөлтийг дэмжих, нас баралтыг бууруулах, шилжилт хөдөлгөөнийг хэвийн нөхцөлд хүргэх, нөгөө талаар энэ цус ойртолтын асуудал монгол хүний удмын сангийн гений асуудлыг шийдэх тал дээр та ямар бодлого барьж ажиллах вэ?

Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амар биш байна. Өнөөдөр уурхайн салбарын үндсэндээ 2 бүтээгдэхүүн дээр манай эдийн засаг хамаарч байна. Зэсийн үнэ нүүрсний үнэ хэлбэлзэхэд бид сандралд ордог. Өнөөдөр нүүрсний үнэ унасан, Монгол Улсын төсөв ямар хэмжээнд байгааг хүн болгон хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Эдийн засгийг солонгоруулах тал дээр аж үйлдвэржилтийн дэмжлэгийг бодлогыг дэмжиж ажиллана аа гэж та ярьж байна. Би бол энэ дээр Уул уурхай, аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны уялдаа холбоо маш сайн зангидагдаж байж нэг яам шиг уялдаж байж энэ ажил явах ёстой болов уу гэж хардаг. Уур уурхайн салбараас орж ирж байгаа баялгийг үндэсний баялгийн сангаараа дамжуулаад сан хэлбэрт нь оруулах данс хэлбэрээр биш энэ санг эдийн засгийн эргэлтэд оруулж амилуулах тал дээр та ямар бодлого барих вэ?

Уурхайн салбар өнөөдөр бодлогогүй болчихсон. Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль батлагдсантай холбоотой Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг 2022 онд хүчингүй болгосон. Энэ хуулиар 8 хөгжлийн хөтөлбөрийг гаргаж ЗГ хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэтэл энэ дотор уул уурхай, эрдэс баялгийн аж үйлдвэржилтийн салбарын ямар ч хөтөлбөр бодлого байхгүй явж байгаа. Тийм учраас энэ талаар таны бодол ямар байгаа вэ гэдгийг асууя. За мөн төсвийн тодотголын асуудал яригдаж байна. Хэрвээ Ерөнхий сайдаар томилогдлоо гэхэд тодотголын асуудлыг оруулна аа гэж ярьж байна. Тодотгол дээр миний санаа зовоодог нэг асуудал бол өмнө нь би төсөв ярьж байхад энэ асуудлыг хэлж байсан. Энэ хөрөнгө оруулалтын ажлууд цаг хугацаа сунжраад магадлалаар үнэ нь өсдөг. Хасах тодотгол хийх тодорхой алхмуудыг үе шаттайгаар хийж чадах уу? Энэ 3 хөгжлийн төвтэй холбоотой асуудлыг ямар түвшинд одоо авч үзэх ёстой гэж үзэж байна вэ?

Түүний асуултад Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар хариуллаа.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн