2025.06.13

Б.Жаргалан: МАН-ын 68 гишүүнээ Ерөнхий сайдаар ажиллах чадамж, чадваргүй гэж үзсэн нь хачирхалтай

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

МАН-ын Бага хурал гэдэг байгууллага сүүлийн нэг сарын хугацаанд 2 удаа хуралдлаа. Эхний удаагийн хурлаар Ерөнхий сайдыг орлогоо нотлох асуудлыг хамтарсан Засгийн газрын асуудал болгож ачааны хүндийг үүрч ирсэн Ардчилсан намыг гэрээг зөрчсөн гэж илт гүжирдсэн. Ингэхдээ Хамтарсан ЗГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөнд Ардчилсан намын оруулсан Эдийн засгийн Реформ шинэчлэлийн бодлогыг үгүйсгэж дангаараа буюу хяналтгүй засаглах шийдвэр гаргасан.

2 дахь удаа хуралдахдаа иргэд олон нийт, хэвлэл мэдээллээс нуугдаж, битүү хатуу байдлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодрууллаа. Энд сууж байгаа олонхын бүлгийн 68 гишүүн намынхаа Бага хуралд хамрагддаг л байлгүй. Та нарт л гэж хэлэхэд парламентын ардчиллын гол онцлог бол Ерөнхий сайд парламентын гишүүн байдаг бөгөөд иргэд энэ танхимынхаа өмнө хариуцлага хүлээдэг. Гэтэл МАН-ын Бага хурал гэдэг байгууллага намаасаа сонгогдсон бүхэл бүтэн 68 гишүүний хэнийг нь ч Ерөнхий сайдаар ажиллах чадамж, чадваргүй гэж үзсэн нь хачирхалтай санагдаж байна. Энэ ч яахав танай намын дотоод асуудал.

Бид бүхэнд хамаатай асуудал гэвэл парламентын ардчиллаа бэхжүүлэх, хамгаалах ёстой гэж ярьдаг. Г.Занданшатар та олон жил энэ танхимд суусан, УИХ-ыг даргалж байсан хүний хувьд парламентын тогтолцооны мөн чанарыг ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Намаасаа түтгэлзээд 4 жил болж байгаа Ерөнхийлөгч энэ танхимд орж ирээд парламентын дархлаа гэж ярьсан атлаа энэ томилгоонд ил далд хэлбэрээр оролцсон гэгдэж байна. Тиймээс нэр дэвшигч маань засаглал хоорондын хяналт тэнцлийг маш сайн хангаж хөндлөнгийн нөлөөнд автахгүй байхыг хичээх хэрэгтэй болов уу. УИХ-ын гишүүд бид ч гэсэн үйл хэрэгт шамдаж институци хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай санагдаж байна. Ер нь эрх баригч намын шийдвэр гаргагч бүх процесс маш хаалттай, иргэд олон нийтээс тусгаарлагдмал хэлбэртэй байна. МАН-ын Бага хурал бол төр гэсэн хандлагатай. Уучлаарай та бүхэн олонх байж болно. Гэхдээ төр гэж бүү андуур. Монгол төрийн шийдвэр засаглал хоорондын олонх, цөөнхийн хяналт тэнцэл иргэдийн хараа хяналт дор гарах учиртай. Тиймээс цаашид улс төрийн намын тухай хуулийг өөрчилж намын удирдах албан тушаалтан, сонгуульт гишүүнийг төрийн сонгууль, улс төрийн өндөр дээд албан тушаалд нэр дэвшүүлэх журам шалгууруудыг хуульчилж өгөх шаардлагатай гэж бодож байна. Улс төрийн нам нээлттэй, ил тод, дотоод ардчилалтай болж байж засаглал сайжирна. Энэ шинэчлэлийг бид хийж чадвал парламентын бүрэн эрхээ хамгаалах, ардчиллаа хамгаалахад чиглэсэн том алхам болно гэж харж байна. Энэ танхимд яригдсан бүх бодлогын шийдлүүдийн эх үндэс нь энд байна. Цаашид энэ УИХ Монгол Улсад тулгамдсан төр, нийгэм, эдийн засгийн асуудлуудаа шийдвэрлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, үндэсний ААН-үүдээ дэмжих, ардчилал сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэлийг хамтдаа хийгээд явах итгэлцэл, орон зай, хүсэл зориг байгаа гэж итгэж байгаа учраас зарим нэг тодорхой саналуудыг хэллээ.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн