2025.06.13

Б.Жаргалан: Хууль санаачлах процессыг хэтэрхий хүнд сурталтай болгочихвол УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдах вий гэсэн болгоомжлол байна

УИХ-ын чуулганы /2025,06,13/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан үг хэлж, асуулт асуулаа.

Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан. Тухайн үед өргөн баригдаж байсан хуулийн төслийн үзэл баримтлалыг эргээд харахаар 2012-оос 16 оны ЗГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан нэг зорилтыг эш татсан байгаа юм. Хуулийн тухай хуулийг батлуулснаар хуулийн хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийг үнэлдэг болох юм.

Нэгдүгээрт, 2 төрлийн үнэлгээ яригдаад байгаа юм. Хэрэгцээ шаардлага, хэрэгжилт. Үзэл баримтлал дээр дурдсан зүйлүүдийг харах юм бол яах вэ. Энэ хууль зүйн техникийн хувьд ч тэр, хуулийн хууль, хууль хоорондын уялдаа холбооны хувьд ч тэр хуулийн хийдэл гаргахгүй байх талаасаа зайлшгүй шаардлагатай гэдэг ийм анхны санаачилга явсан байдаг. Түүнээс хойш хэд хэдэн нэмэлт өөрчлөлт орсон боловч бид бас дахиад оруулах гээд сууж байна.

Миний хувьд 2 зүйл дээр санаа зовоод байгаа юм.

1. Хууль санаачлах онцгой бүрэн эрх УИХ-ын одоо 126 гишүүн, ЗГ, Ерөнхийлөгчид байдаг. Тэгэхээр энэ хууль санаачлах бүрэн эрхийг бас хязгаарлах агуулгууд байж болохгүй. Хязгаарлах гэдэг нь хүнд сурталтай, юм уу хэтэрхий их нөөц шаардсан эсвэл хэтэрхий их цаг хугацаа шаардсан гээд олон зүйлээр бүрэн эрхийг хязгаарлаж болохгүй гэсэн санаа яваад байгаа юм. Сүүлийн 10 жилд батлагдсан хууль тогтоомжуудыг харвал нийт батлагдсан хууль тогтоомжийн бараг 70, 80% нь ЗГ-аас өргөн баригдсан хуулиуд орж ирээд байгаа.

Өөрөөр хэлбэл нөгөө нөөц ихтэй, үнэлгээ, судалгаа, шинжилгээ, тэр хэлэлцүүлгүүдийг хийгээд байх боломжтой ЗГ-аас орж ирж байгаа хуулиуд нь яваад байдаг, УИХ дээр хууль шинээр санаачлагдах орон зай хумигдаж байна уу гэдэг нэг болгоомжлол байна. Энэ тал дээр ажлын хэсэг дээр тодорхой судалгаанууд байна уу? Онолын хувьд яг энэ асуудал дээр ямар бодолтой байна вэ? Хууль санаачлах процессыг хэтэрхий хүнд сурталтай болгочих юм бол хууль санаачлах УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдах зүйл байна уу гэдэг.

Сүүлийн үед өргөн баригдаж байгаа хуулиудыг харахад олон шаардлагууд тавьчихсан байгаа. Судалгаа, хэлэлцүүлгүүд формалны шинжтэй байгаад байна аа. Үнэхээр хууль зүйн техник сайжраад байгаа гэдэг бол асуудалтай. Бүрдүүлбэрийн тоог нэмлээ гээд чанаржих, сайжрахгүй байх вий гэсэн болгоомжлол байна.

2. Өнгөрсөн намрын чуулганаар хууль тогтоомжийн хуультай холбоотой асуудлуудыг нэлээн ярьсан. Үүний нэгдүгээр асуудал нь хуулийг дагалдуулж, хамааралтай, хамааралгүй баахан олон хуулиудыг дагалдах хэлбэрээр оруулж ирээд батлуулж байна аа. Тэр нь олон нийтийн анхаарлын төвөөс, нийтийн хэлэлцүүлгээс далдуур яваад байна аа гэсэн нэг болгоомжлол байсан. Үүнийг хэрхэн яаж шийдэж байгаа вэ?

Яаралтай горимоор орж ирж байгаа хуулийн төслүүдийн талаар ярилаа. Үүнд мөн л асуудлууд байгаад байгаа юм. Яаралтай горимоор хэр олон хуулиуд орж ирж батлуулж байна? Энэ нь мөн нийтийн анхаарлын төвөөс, нийтийн хэлэлцүүлгээс гадуур яваад байгаа. За үүнтэй холбоотой яг тодорхой, бодит ямар асуудал шийдсэн бэ?

Түүүний асуултад О.Номинчимэг гишүүн хариуллаа.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн