2025.06.13
Д.Рэгдэл: Монгол Улсад эхний ээлжид 200 сургууль баривал хүртээмжийн байдлыг шийдэж чадна
УИХ-ын чуулганы /2025.06.13/-ны өдрийн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн Шинэчилсэн найруулгад нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл үг хэлж, асуулт асуулаа.
Хууль санаачлагчийн танилцуулга, хуулийн төслийг аваад үзэхээр нэмэлт өөрчлөлтийн гол зорилго нь:
-
Ужгирсан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах,
-
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль нь хот тосгоны газар олголтыг цэгцтэй, ойлгомжтой, хариуцлагатай болгох, хяналтыг чангатгах
-
Хот тосгоны хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа тавигдах шаардлагуудыг тодорхой болгох зорилгоор нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм байна гэж ойлголоо.
Хүүхдийн цэцэрлэгийн тоо, сургуулийн тоо зэргийг авч үзээд тодорхой эх сурвалжуудаас хайж үзсэн чинь томоохон хотууд болох Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад 6 хүртэлх настай өрх хэд байдаг болон 18 хүртэлх настай өрх хэд байдаг талаар олж харж чадсангүй. Улаанбаатар хотыг аваад үзвэл 475,100 өрх байгаа гэсэн статистик байна. Энэ өрхөд 250 өрх тутамд нэг цэцэрлэг барина гэвэл 1900 орчим цэцэрлэг хэрэгтэй байгаа юм. Одоо байгаа 645 цэцэрлэгээ хасаад үзэхээр 1255 цэцэрлэг шинээр шаардлагатай байгаа юм. Сургуулийн хувьд 475,100 өрхөд 475 сургууль шаардагдах юм. Одоо байгаа сургуулиудаа нэмж 161 сургууль барина гэсэн тооцоо харагдаад байгаа юм.
Саяхан УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын боловсролын тогтолцооны судалгаанд гарсан байгаа. Монгол Улсад эхний ээлжид 200 сургууль барих юм бол сургуулиудын 3 дугаар ээлжийн асуудал, анги дүүргэлтийн асуудлуудыг тодорхой түвшинд шийдэж болох юм байна гэсэн нарийн судалгаа гарсан. Энэ хуулийн заалтаар явна гэхээр 200 илүү гараад явах шинжтэй харагдаад байна. Энэ олон сургууль цэцэрлэгийг барих зардал, чирэгдлийн тооцоо гаргаж үзсэн үү? Энэ хэмжээний зардлыг төсвөөсөө хэдэн жилд багтааж гаргаж чадах вэ?
Түүний асуултад, Ж.Алдаржавхлан гишүүн хариуллаа.