УИХ-ын гишүүн Л.Болд
2017.01.05

Л.Болд: С.Бямбацогт! Та хуульч хүний хувьд хэлээч, ийм зүйл байж болох уу?

Өнөөдөр үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн эргэлзэж буй асуудлын хүрээнд хууль санаачлагчаас асуулт асуулаа. 

Л.Болд: Хууль хэрэгжээд долоо хоноогүй байхад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яриад сууж байдаг

Хууль тогтоомжийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш дөрөв хоногийн дараа ийнхүү уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Өнгөрсөн парламентын үед хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-д суудалтай бүх нам оролцож, 2 хүртэлх жилийн хугацаанд хуулийн төслийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангах базаах шаардлагатай байна гэсэн шалтгаанаар хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулсны эцэст 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт 2016 оны 12 дугаар сарын дундуур буюу 16-нд хоёр долоо хоногийн дараа хүчин төгөлдөр мөрдөж эхлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан юм.

Хууль хэрэгжээд ажлын тав хоног ч болоогүй байхад хуулийн зүйл заалуудыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна гэсэн шалтгаан хэлж байна. Би хуулийн зүйл заалт руу нарийн ормооргүй байна. УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ц.Гарамжав нар хуулийн төслийн агуулгыг ярьж байна л даа.

С.Бямбацогт! Та хуульч хүний хувьд, Хууль зүй, дотоод хэргийн яамыг даргалж буй хүний хувьд ингэж болох уу? Өмнө нь эцсийн найруулгыг сонсоогүй гэдэг шалтгаанаар хуулийг буцааж байсан. Энэ мэтчилэн ямар ч хууль баталгаагүй боллоо гэж тухайн үед анхааруулж байсан.

Монголын парламентад цоо шинэ практик дэлгэрлээ. Батлагдсан хууль баталгаагүй боллоо шүү гэдэг асуудлыг сөрөг хүчин тавьсан. Гэтэл энэ бүхнийг үл ойшоож, маш их хүч хөдөлмөр шингэсэн, энэ том хуулийг мөрдөж эхлээгүй байхад нь нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж, одоо мөрдөж эхлээд долоо хоноогүй байхад хэлэлцүүлэг хийгээд сууж байна.

Хуулийн хэрэгжилтийг мөрдөж эхэлсэн өдрөөс нь эхлээд ядаж сарын дараа нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ярьж болохгүй гэж үү? Үүнээс хойш парламентаар батлагдсан бүх хуулийг дуртай үедээ өөрчилж, засч болно. Тэр дундаа хуулийн төслийн 4 дүгээр зүйлд, нэг нэг үгээр 30-40 өөрчлөлт хийсэн байна.

Энэ бүгдийг нэг бүрчлэн дэлгэж тавихад Хууль тогтоомжийн тухай хууль юу болж хувирах бол? Хуулийн концепци ямар их өөрчлөгдөх бол? Хуульд нэг цэг, таслал тавихад л хуулийн төсөл орвонгоороо өөрчлөгдөх тохиолдол бий.

Ганцхан жишээ татахад, Монгол Улсын сонгуулийн тухай хуулиар өнгөрсөн 2 сонгуулийг явуулсан атлаа Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд ирэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай гээд маш том хуулийн төсөл оруулж ирсэн.

Гишүүдэд тайлбарлахдаа техникийн жижиг, сажиг өөрчлөлт гэсэн ч тийм биш байсан. Цаашид ийм байдал давтагдсаар байвал харилцан зөвшилцөж ирсэн олон намын тогтолцоотой парламентын систем хаашаа эргэх юм бэ?

Тиймээс хуулийн хэрэгжилтийг азная л даа. Өөрчлөхөөр бол ярилцаж, зөвшилцөж байгаад нэмэлт, өөрчлөлт санал бүх гишүүнд бий. Яагаад яараад байгаа юм бэ?

С.Бямбацогт: Хууль төрөх босгыг намсгах хэрэгтэй гэсэн санал олонтаа ирсэн 

Аливаа зүйл хоёр талтай. Гишүүд уг хуулийн хэрэгжилтийг дахиад хойшлуулах шаардлагатай юм биш үү? Хэрэгжих боломжгүй юм биш үү гэсэн санал гаргаад байдаг. Гэтэл та энэ бол сайн хууль, маш их хүч хөдөлмөр шаардсан, олон удаа хэлэлцэж байж баталсан хуулийг хэрэгжиж эхлээгүй байхад нь нэмж, өөрчилнө гээд байна гээд эсрэг саналтай байна.

Уг хуулийг батлах үйлсэд олон жил, олон хүн хүчин зүтгэсний эцэст 2015 оны тавдугаар сард батлагдсан ч яагаад 2016 оны зургадугаар сараас хэрэгжиж эхлэлгүй 2017 оны хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлье гэсэн бэ гэдгийг бодож үзэх ёстой.

Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад нилээдгүй цаг хугацаа, хөдөлмөр хүч, бэлтгэл ажил шаардлагатай байсан учраас хэрэгжих хугацааг хойшлуулсаар 2017 оны нэгдүгээр сарын 1-н байхаар тогтов? Шалтгаан нь бас бэлтгэл ажил хангагдаагүй байна. Тэр дундаа хууль санаачлах, боловсруулах, өргөн барих, хэлэлцүүлэх, батлуулах процедурыг шинжтэй аргачлалууд батлагдаагүй байсан.

Удаа дараа олон жил батлахын төлөө зүтгэн байж баталсан хуулиа ердийн журмаар хэрэгжүүлж чадахгүй байна вэ? Бүтэн хоёр жилийн хугацаатай хойшлуулж байж, төрийн албан хаагчид, яамд, тамгын газруудад сургалт хийж, аргачлалыг батлуулаад ирэхээр УИХ-ын гишүүд, тэдний зөвлөх, холбогдох яамдын хууль хариуцсан мэргэжилтнүүдээс уг хуульд засч, сайжруулах шаардлагатай гэсэн санал дэвшүүлсээр ирсэн.

Хууль төрөх босго өндөр байна. Босгыг бага зэрэг намсгах шаардлагатай байна гэсэн үүднээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн.

Хуулийн төслийн 4 дүгээр зүйлд үг, үсэг зэрэг техникийн хувьд засч, сайжруулах шаардлагатай зүйлс бий. Таны хэлж байгаа шиг утга, найруулгыг өөрчилсөн байна уу, үгүй юу гэдгийг хэлэлцүүлгийн явцад мэдэх боломжтой.