Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2023.01.19

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Тус хуулийн төсөлд, Хууль тогтоомжийн тухай хууль нь 2015 онд батлагдсан, 11 бүлэг, 53 зүйлтэй. Уг хуульд батлагдсанаас хойш нийт 7 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон. Хуулийн төсөлд нийгмийн харилцааны тулгамдсан асуудлыг харгалзан тухайн хуульд нэмэлт оруулах, хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулах, тодорхой зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцож байгаа тул Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтад заасны дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй орсон зарим өөрчлөлтүүдийг дурдвал:

- Хуулийн төсөлд Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулахаар, үндсэн чиглэлийн төсөлд санал өгөх байгууллага нь энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны, эсхүл энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу нийгмийн тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр уг асуудлаар шинээр хууль гаргах, эсхүл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлохоор тусгасан байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд Үндсэн чиглэлийн төсөлд Засгийн газрын гишүүдээс санал авч Засгийн газрын санаачлах хуулийн төслийг тусгадаг тул Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулахаар тусгажээ.

- Хуулийн төслийн төрлийг анхдагч, хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн шинэчилсэн найруулгын тухай болон хууль хүчингүй болсонд тооцох тухай гэж шинэчлэн тогтоож, тодорхой салбарын хоорондоо уялдаатай хэд хэдэн хуулийн төслийг нэгэн зэрэг хамтад нь хэлэлцүүлэхээр бол багц хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлж болохоор орууллаа. Өөрөөр хэлбэл багц хуулийн төсөл нь хуулийн төслийн төрөл биш бөгөөд дээр дурдсан хуулийн төслийн төрлөөр Хууль тогтоомжийн тухай хууль болон хуулийн тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалын дагуу холбогдох хуулиудыг санаачилж, тухайн харилцааг зохицуулж байгаа ерөнхий хуулийг дагаж хууль шинээр боловсруулах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хууль тус бүрийн агуулгыг нэгтгэн нэг үзэл баримтлал тодорхойлохоор тусгажээ.

- Хуулийн төслийн танилцуулгыг товч болон дэлгэрэнгүй хийхээр тусгаж, дэлгэрэнгүй танилцуулгад хуулийн төсөлд тусгасан зарчмын шинжтэй зохицуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбар хийхээр, уг тайлбарт хуулийн төсөлд зарчмын шинжтэй өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, хуулийн төсөлд хэрэглэсэн нэр томьёо, ухагдахууны үүсэл, хуулийн төслөөр зохицуулж байгаа харилцаа, түүний зохицуулалтыг хэрхэн ойлгох талаарх мэдээллийг оруулахаар заасан байна.

- Одоогийн хууль тогтоомжоор Улсын Их Хурлаас баталсан хуулиудын албан бус орчуулгыг хийх талаар ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд хуулийн төсөлд Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулийн албан бус орчуулгын сан бүрдүүлж, хувийг эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулахаар тогтоожээ.

- Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3-т “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.” гэж Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийг заасанд нийцүүлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахад үзэл баримтлалыг Монгол Улсын Ерөнхий сайд тодорхойлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх талаарх нэмэлтийг тусгажээ.

- Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн үндсийг хуульчилж, үйл ажиллагааны дүрмийг Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар, эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн эрх зүйн салбарын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийх, үүнээс бусад үнэлгээ, судалгааг захиалгаар гэрээний үндсэн дээр хийж болохоор чиг үүргийг тодорхой тусгахаар болжээ.