Д.Рэгдэл: "Г.Занданшатар Ерөнхий сайд болбол ард түмний талын хүн байгаасай"
2025.06.09

Д.Рэгдэл: "Г.Занданшатар Ерөнхий сайд болбол ард түмний талын хүн байгаасай"

МАН-ын бага хурал үргэлжилж байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд, МАН-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжжээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл “Ерөнхийлөгчийн үгэнд сайн орох хүний нэрийг оруулж ирлээ гэдэг яриа байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулав.

Тэрбээр “Монголчууд сүүлийн жилүүдэд их хартай болсон. Төр, засгийн байгууллагын үйл ажиллагаанаас болж ард түмэн хартай болж байгаа. Хэн нэгэн хүн ямар нэг албан тушаалд томилогдох, тодорхойлогдох бүрд энэ хэний талын хүн бэ гэдэг яриа дагалдаж байна. Тэр утгаар нь авч үзэх юм бол МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад удирдах ажил хийж байх үеэсээ У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар хамтарч ажиллаж байгаа. Тиймээс Г.Занданшатар Ерөнхийлөгчид их ойр хүн.

Гэхдээ УИХ-ын дарга байхдаа түүний, үүний тал гэлгүй ажлаа хариуцлагатай гүйцэтгэсэн. Хэрэв Ерөнхий сайд болбол Монголын ард түмний талын хүн байгаасай гэж хүсэж байна” гэлээ.