2025.04.17

А.Ганбаатар: Сонгуульд нэгэнд нь пүүз, нөгөөд нь бакал өмсүүлчхээд уралд гэвэл тэгш байх зарчим алдагдана биздээ

УИХ-ын чуулганы /2025.04.17/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар:

Ардчилсан улсыг ардчилсан байлгах гол зүйл бол шударга сонгууль юм. Шударга сонгуулийн гол хэмжүүр бол тэгш боломж. Сонгох, сонгогдох эрхэнд хандаж буй тэгш боломжийн асуудал юм. Сонгуулийг бүгд мэдэж буй. Гараа бариа хоёр л байгаа. Тэгэхээр гараан дээр нэгэнд нь пүүз өмсүүлээд нөгөөд нь бакал өмсүүлээд уралдуулах нь буруу. Тэгэхээр 44.6-д УИХ-ын гишүүн гэдгийг Аливаа этгээд гээд сольчихсон байна. Энэ бол нүглийн нүдийг гурилаар хуурч буй явдал юм. Аливаа этгээд дотор гишүүн орж байгаа. Гишүүнд заавал давуу байдал үүснэ. Уулзалт хийхэд засаг захиргааныхаа шугамаар хийчихнэ. Хажууд нь бие даагч яаж явах уу? Хамуутай даага унасан юм шиг л явна. Хэрэв тэгш боломж олгох гэж байгаа бол 44.6 байх хэрэггүй. 1-р сарын 1-ээс аливаа уулзалтыг бүрмөсөн хориглох хэрэгтэй. 18 хоногтоо л үз л дээ. Их хурлын гишүүд өөрсдийгөө сурталчлах гэж байгаа бол 3.5 жилдээ сурталчилах гээд байгаа бол тайлан тавихад 3,5 жил хангалттай.