Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг баталлаа
2019.12.20

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.20\ нэгдсэн хуралдаанаар, Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүлэв.

2019 оны 12 сарын 19-ны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах бэлтгэлийг бүрэн хангаагүй тул төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулган завсарласан.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгож, сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдах, иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээх, сонгуулийн сурталчилгаанд сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим орчин ашиглахдаа төлөх төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байх, сонгуулийн тухай хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлж Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг саналууд тусгагджээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан төслийн 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь хэсгийг нэмэх саналын бичгээр гаргасан нь дэмжигдэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг саналыг дэмжээд байв.  Харин хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийн шатанд төслийн энэ заалт нь Үндсэн хуульд болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцэж буй эсэхийг дахин нягтлах шаардлагатай гэж үзээд холбогдох лавлагаа материал гаргуулан судалж нягталсан байна. Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 6 дугаар дүгнэлтэд тухайн үеийн хуульд тусгагдсан нэр дэвшигч нь “ялгүй байх” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурал 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, тогтоол баталжээ. Иймээс төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн дээрх саналыг хасахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэгийн хуулийн дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь энэ заалтыг хасахыг дэмжсэнгүй. Иймээс гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал төсөлд хэвээр үлдэв.

Ингээд хуралдааны явцад Улсын Их Хурлын дарга “Сонгуулийн хуулийг маргаан, зөрчилгүй, улс төрийн намуудын зөвшилцлийн хүрээнд, холбогдох байгууллагуудын саналд үндэслэн эцэслэн батлах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах бэлтгэлийг бүрэн хангах үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн юм.

Энэ үндсэн дээр чуулганы нэгдсэн хуралдааны дундуур Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж, хуулийн давхцал, зөрчлийг арилгах, хууль хоорондын уялдааг хангах үүднээс хуулийн төслийн зарим хэсэг, заалттай холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсэн юм.

Тухайлбал, төслийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг “Эвслийн аль нэг нам даргаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан нөхөн, дахин сонгуульд оролцохыг хориглоно. Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцно” гэж өөрчлөн найруулахаар тогтсоныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.5 хувь нь дэмжив. Мөн төслийн 33 дугаар зүйлийн 33.3.10, 33.3.12 дахь хэсэгт “авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байсан эсэх талаар цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа” гэсэн агуулгатай хэсгийг нэмэх Байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Мөн төслийн "Хууль хүчин төгөлдөр болох" гэсэн 85 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг "Энэ хуулийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" хэмээн тодорхойлж тусгах саналыг дэмжсэн Байнгын хороо саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжив.