2019.12.26

Ирэх оны сонгууль 26 том тойргоос 76 гишүүнийг сонгох хэлбэрээр явагдана

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан зэрэг нэр бүхий 10 гишүүн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. 2019 оны 12 дугаар сарын 20-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн баталлаа.

2015 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг Сонгуулийн тухай нэг хуулиар зохицуулж байсан. Харин 2020 онд болох УИХ-ын сонгуулийг дангаар нь явуулахаар хуульчиллаа.

Ингэхдээ сонгуулийн тогтолцоогоо томсгосон 26 тойргоор явуулах бөгөөд мандатын тоо, сонгуулийн тойргоо 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө тодорхой болгох юм. УИХ-ын 76 гишүүнийг 26 тойргоос сонгох нь сонгогчдын хувьд шинэ зүйл биш. Өмнө нь УИХ-ын 1992, 2008, 2012 оны ээлжит сонгууль энэ хэлбэрээр явагдаж байсан.

Өөрөөр хэлбэл, Сонгуулийн шинэ хууль нь 1992, 2008, 2012 онуудад сонгууль явуулж байсан хувилбараар буюу 76 гишүүнийг олон мандаттай томсгосон тойргоос сонгох мажоритар тогтолцоотой байх юм.

Дүүрэг, аймаг бүр тойрог болж, тухайн тойрогт хэдэн мандаттай байх вэ гэдгийг 2020 оны хоёрдугаар сарын 01-ээс өмнө шийднэ.

Энэ удаагийн сонгуулийн хуульд,

  • -  Эрх баригчид авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, тэр нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвших эрхгүй болох,
  • -   Сонгуулийн сурталчилгааны өдрийг нэмэх,
  • -   Цахим орчныг ашиглах зэрэг бүлэг нэмж оруулан хуулийг боловсруулан, баталсан.

Мөн “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж тусгасан.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн шинэчлэл

СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ:

  • 9.1.Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.
  • 9.2.Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.

СОНГУУЛЬД ОРОЛЦОХ:

  • 6.1.Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.
  • 9.1.Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.

СОНГОГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭГ УДАА НАМУУДАД ОЛГОНО:

  • 20.13.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно.
  • 20.15.Сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.

СОНГОГЧ ШИЛЖИХ: Нэр дэвшигчийн сонгуулийн менежер, шадар туслагч, сонгуулийн байгууллагын ажилчид санал авахаас 14 хоногийн өмнө шилжиж болно.

  • 24.1.Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.
  • 24.2.Нэр дэвшигч болон энэ хуулийн 37.3-т заасан менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.
  • 24.3.Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг бүртгүүлнэ.

ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН: Иргэний шилжилт хөдөлгөөний сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс зогсооно.

  • 25.1.Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль явуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол уг шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА: Нэр дэвших эрхгүй: Нэр дэвшигч нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг нь хориглоно. Өөрөөр хэлбэл, ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвших эрхгүй болох юм.

  • 29.7.Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.
  • 29.8.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.
  • 32.2.10.авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА:

  • 39.1.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.
  • 32.12.Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ЦАХИМ ОРЧИН АШИГЛАХ: 

  • 47.1.Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно
  • 47.1.1.нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас
  • 47.1.2.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас
  • 47.1.3.бусад цахим хуудас.
  • 47.2.Нэр дэвшигч энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.
  • 47.4.Энэ хуулийн 47.2-т заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг тус тус хориглоно.
  • 47.7.Энэ хуулийн 35.3, 47.4-т заасныг зөрчсөн талаарх гомдлын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн дараах арга хэмжээг нэн даруй авна
  • 47.7.1.энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх хугацаагаар хаах
  • 47.7.2.энэ хуулийн 47.1.2-т заасан тухайн цахим хуудсыг хаах, эсхүл түр хязгаарлах арга хэмжээ авах.
  • 47.8.Үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах үүрэг хүлээнэ.
  • 47.9.Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.
  • 47.10.Нэр дэвшигч болон нам, эвсэл нь энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсаа энэ хуулийн 39.1-д заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана.

МӨНГӨН ХАНДИВ: Энэ удаад иргэн, аж ахуй нэгжүүдээс өгөх мөнгөн хандивын хэмжээг нэмэгдүүлжээ. Өмнө нь хувь хүн гурван сая, хуулийн этгээд арван сая төгрөг байсан.

  • 54.1.Мөнгөн хандив нь иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байна.

СОНГУУЛИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ:

  • 82.1.Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: УИХ-ын гишүүн нэр дэвшихэд тавигдах шаардлага хүний эрхтэй холбогдохгүй. УИХ-ын гишүүн сонгуулийн насны буюу 25 нас хүрсэн байх ёстой гэсэн ганцхан заалт бий. Үүнээс гадна нэр дэвшихэд төрийн албан хаагчийн шалгуур тавигддаг. Төрийн албаны тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол бүх насаар нь төрд ажиллах эрхийг нь хязгаарладаг. Уг хууль үйлчлэх ёстой гэсэн саналыг Т.Аюурсайхан нарын гишүүд гаргасан. Үүнийг гишүүдийн олонх нь дэмжээд баталсан.”

Сонгуулийн хуулийг хэлэлцэж байх явцад СОНГОГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭГ УДАА НАМУУДАД ОЛГОНО гэсэн заалт дээр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: “Сонгогчдын нэрсийн жагсаалт ил тод нээлттэй байснаар буруу зүйл огт байхгүй. Өмнөх сонгуулиудад сонгогчдын нэрсийн жагсаалт РД бүгд өгөгддөг байсан. Хэвийн явж ирсэн гэтэл өнөөдөр үүнийг болиулах гээд байгааг гайхаж байна. Улс төрийн намуудын хувьд нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаад энэ заалтыг дэмжээд явахыг би уриалж байна.”

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Сонгуулийн хуулийг маргаан, зөрчилгүй, улс төрийн намуудын зөвшилцлийн хүрээнд, холбогдох байгууллагуудын саналд үндэслэн эцэслэн батлах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлж байлаа

УИХ-ын чуулганы 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг баталж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхэллээ.

Vip76.mn

Сэтгүүлч О.Мөнх