Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг ТББХ-ны хуралдаанаар хэлэлцлээ
2023.06.14

Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг ТББХ-ны хуралдаанаар хэлэлцлээ

Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Тус ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулга хийсэн бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Хууль зүйн дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаар санал хурааж дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зохицуулалттай зөрчилдсөн эсэх, хэрхэн нийцүүлэх, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор нэгтгэсэн төслийн дагаж мөрдөх хугацааг нийцүүлэх талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны “Хууль зүйн дүгнэлт гаргуулах тухай” шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын Тамгын газар 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хууль зүйн дүгнэлт гарган Хууль зүйн байнгын хороонд ирүүлснийг Байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Хууль зүйн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат танилцуулсан болно.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Ганбат сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээ болон нэгдсэн самбарын талаар асуулт асууж, хариулт авсан.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 53.8 хувь нь Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлтийг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.