
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг 4 сарын хугацаанд барина
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлтийн ажиллагаа Хөшигийн хөндийд өнөөдөр /2025.04.25/ боллоо.
"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл чиглэсэн энэхүү 3-р зэрэглэлийн төмөр зам нь 102.5 км урттай бөгөөд 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байх юм.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах уг төмөр зам 102.5 км урт үргэлжилнэ.
Бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй мэргэжилтнүүд оролцох бөгөөд дөрвөн сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Аливаа бүтээн байгуулалт ардаа эерэг дам нөлөө үзүүлдэг байх нь хамгийн чухал. Уг төслийг хэрэгжүүлснээр жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэх боломж бүрдэх юм. Ингэснээр Улаанбаатар хот доторх төмөр зам, авто зам огтлолцдог цэгүүдээс замын хөдөлгөөний ачаалал буурна. Өнөөдрийн байдлаар эдгээр гармуудыг хоногт дунджаар 144 минут хааж байгаа. Тэгвэл төслийн үр дүнд 20-30 хувиар буурах юм" гэдгийг онцоллоо.