Б.Бат-Эрдэнэ: Дарга хүн хуулийг хэрэгжүүлэхгүй бол, дураараа өөрчилвөл хариуцлага хүлээдэг тогтолцоотой болъё!
УИХ-ын чуулганы /2025,06,13/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэллээ.
Хамгийн сайн байнгын хорооны даргаа дэмжиж байна. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тухай нэг зүйлийг маш сайн бодмоор байна. Энэ нь хариуцлагагүйн зудтай холбоотой асуудал байхгүй байна. Энэ төрийн албан хаагчдыг яаж хууль уншиж сургадаг, яаж хуулийн хэрэгжилтийг хангахгүй болбол хариуцлагын тогтолцоо очдог гэдгийг ойлгуулдаг юм. Хэцүү зүйлс байна. Хуульд тусгайлан заагдаагүй, тусгайлан эрх олгогдоогүй мөртөө нийтээр дагаж мөрдүүлэхээр баталсан дүрэм журмуудтай холбоотой асуудлууд байна.
Нөгөөх нь хуулиар тусгайлан эрх олгогдсон мөртөө нийтээр дагаж мөрдөхөөр батлуулаагүй дүрэм журамтай холбоотой асуудлууд байна. Хэн нэгэн албан тушаалтан дураараа гаргачихдаг. Б.Пүрэвдорж даргын хэлж байгаа шиг. Эцсийн хариуцлага нь бизнес эрхлэгчид хохироод дуусдаг, тэр их хариуцлага хүлээдэг субъект байхгүй болчихсон. Тэр дураараа дүрэм журам өөрчилсөн даргыг хэзээ ч хариуцлагад татдаггүй. Энэ хэлбэрийг бид 1 дүгээрт энэ хууль тогтоомжийн тухай хуультай холбоотой асуудал дээр нэгэнт нэмэлт өөрчлөлт оруулж байгаа учраас олж хармаар байна. Хохирлын асуудал энд яригдаж байгаа. Бизнес эрхлэгчдийн маш том хохиролтой холбоотой асуудлууд хөндөгдөж байгаа гэдгийг 1 дүгээрт анхаараасай гэж хүсэж байна.
Хоёрдугаарт чиг үүргийн давхардалтай холбоотой асуудлууд бий. Хууль тогтоомжийн тухай хууль уул нь хэрэгжих ёстой. Гэтэл одоо бид нар харж байна шүү дээ. Үндэсний хороо, Үндэсний зөвлөл, үндэсний комисс гээд 50 гаруй байгууллага бий болчихсон. Эрчим хүч гэхэд саяхан ДЦС 3-тай холбоотой асуудал ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний үндэсний хороо Эрчис Монгол гээд чиг үүргийн давхардал нь замаа алдчихсан. Тиймээс бид хууль тогтоомжийн тухай хуулиараа энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж харагдаж байна.
Бид дагах хуулиудтай холбоотой асуудал гэдгээ сайн бодож хөндөхгүй бол ний нуугүй хэлэхэд хуулийн хэрэгжилт явахгүй байгаа учраас зарим УИХ-ын гишүүд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах агентлаг байгуулах асуудал яриад явж байна шүү дээ. Энэ чинь тухайн холбогдох байгууллагууд нь ажлаа хийхгүй байна аа л гэсэн үг. Тэгэхээр хууль уншдаг дарга нартай болмоор байна. Хуулиа мэддэг дарга нартай болмоор байна. Хуулийг хэрэгжүүлэхгүй бол, өөрөө дураараа өөрчлөх юм бол хариуцлага хүлээдэг тогтолцоотой болно.

Сэтгүүлч