2025.06.19

Б.Бат-Эрдэнэ: Төрийн албыг найзан дундаа аман байдлаар хийж явахгүй ээ. Энэ найзан дундаа явж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

УИХ-ын чуулганы 2025.06.19ний өдрийн нэгдсэн хуралдаанаар " Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал"-ыг хэлэлцлээ.

Төрийн албаны зөвлөлд нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

Та бүхэн Төрийн албаны зөвлөлд ороод хамгийн түрүүнд төрийн албан хаагчдын нэр хүндийг хамгаалаасай гэж хүсэж байна. Төрийн албан хаагчдын нэр хүнд шалаар нэг боллоо. Ганц нэг авлигачин, хүнд сурталтнаас улбаатайгаар бүх төрийн албан хаагчдын нэр хүнд унаж байна. Төрийн албаны зөвлөл өнөөдрийг хүртэл төрийн албан хаагчдын нэр хүндийг хамгаалах нэг ч ажлыг хийхгүй байна. Монгол төрийн албан хаагчид бол цаг наргүй Монгол төрийн төлөө зүтгэж байгаа гэдгийг цохон тэмдэглэж хэлмээр байна.

Хоёрдугаарт давхардсан чиг үүрэгтэй холбоотой асуудлыг нэг дор нэг мөсөн цэгцлээсэй гэж хүсэж байгаа. Саяын ДЦС 3-тай холбоотой асуудал бол олон чиг үүргийн давхардалтай холбоотойгоос үүдэлтэй. Дээрээс нь хариуцлагагүйн зуд нүүрлэсэнтэй холбоотой асуудал. Чиг үүргийн давхардлаас улбаатай хариуцлагын асуудал ерөөсөө хөндөгдөхгүй байна. Өнөөдөр Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчис Монгол, Эрчим хүчний үндэсний хороо гээдбаахан юм байгуулчихсан. Энэ давхардлын чиг үүргийг цэгцлэхгүй байгаа асуудал бол яалт ч байхгүй Төрийн албаны зөвлөлтэй холбоотой асуудал. Үүнийг та бүхэн их сайн олж хараач гэж хүсэж байна. Үүн дээр хариулт авмаар байна.

Гуравдугаарт Төрийн албаны тухай хууль бол орох орцтой гэхдээ гарах гарцгүй хууль. Өөрөөр хэлбэл ямар ч хүн төрийн албаны шалгалтаа өгөөд орсон тохиолдолд буцаад тухайн хүнийг гаргах бараг боломжгүй хууль. Тэнд төрийн албаны тухай хуулиар бамбай хийж, ажил албан тушаалаа гүйцэтгэхгүй, эс үйлдэхүй гаргаж байгаа маш олон төрийн албан хаагчид бас нөгөө талдаа байгаа шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна. Төрийн албаны тухай хуультай холбоотой мэдээж та бүхэн маань хэрэгжүүлнэ л гэж ярих байх.

Дараагийн нэг асуудал бол энэ төрийн албыг найзан дундаа аман байдлаар хийж явахгүй ээ. Үүнээс авлига үүсээд байгаа юм. Энэ найзан дундаа явж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Хууль хэрэгжих ёстой. Хэрэгжүүлэх үүрэг нь ч бас бий.

Түүний асуултад, Төрийн албаны зөвлөлд нэр дэвшиж буй Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар хариуллаа.