2023.06.21

Дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд давуу эрх олгох эрх зүйн орчныг бүрдүүлэв

УИХ-ын хаврын чуулган өндөрлөх дөхөж буй. Үүнээс өмнө нийгмийн болон бусад салбарын гол хуулиудыг хэлэлцэж батлаад байгаа билээ. Үүний нэг болох төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийг хаврын чуулганы /2023.06.19/-ний өдрийн хуралдаанаар шинэчлэн, эцэслэн баталлаа. 

Шинэчлэн батлагдсан уг хуулиар бидний нэрлэж заншснаар тендертэй холбоотой бүхий л асуудлыг шийдэж өгөх зохицуулалтуудыг оруулж өгчээ. Ингэхдээ тендер шалгаруулалтад хүний оролцоог бууруулах, нээлттэй ил, тод байдлыг нэмэгдүүлэх, хялбаршуулсан тендер шалгаруулалт, эх оронч худалдан авалтыг дэмжих, хяналтыг сайжруулах зэргийг гол чиглэлээ болгон ажилласан байна. 

Тендер шалгаруулалтын талаар иргэн, аж ахуйн нэгж, захиалагч талаас нээлттэй тендер шалгаруулалтын үед тендер хүлээн авах хугацааг багасгах болон тендер шалгаруулах үйл явцыг хялбарчлах шаардлагатай гэжээ.

Мөн УИХ-аас 2005 онд төрийн худалдан авах ажиллагааг шинэ шатанд гаргахаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баталж байсан. Гэсэн хэдий ч нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөр төрийн худалдан авах ажиллагааны хүрээ нэмэгдэж технологийн хөгжлийг дагаж тендер шалгаруулалт хийх болсон учраас 18 жилийн дараа эл хуулийг шинэчилсэн гэдгийг хууль санаачлагчид дурдав.  

Хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн  Ж.Батжаргал: 

Төрийн болон орон нутгийн өмчтэй байгууллагуудын тендер зохион байгуулалт, худалдан авалтын үйл ажиллагаанд олон асуудал яригддаг. 18 жилийн хугацааны бүх үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, сайн туршлага, сургамж дээрээ тулгуурлаж шинэчилсэн найруулгыг боловсронгуй болгож баталлаа.”

Ингэснээр мэдээлэл технологийн дэвшилд тулгуурлаж хүний хамаарал багатайгаар тендер шалгаруулалт хийх нөхцөлийг бүрдүүлж, худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах асуудалд онцгой анхаарал төвлөрүүлж гэрээ байгуулах хүртэлх бүх ажиллагааг ил тод нээлттэй болгож, тендерт шалгарсан аж ахуйн нэгж байгууллагын хуулиар хязгаарласнаас бусад бүх мэдээллийг ил болгох арга хэмжээг зохион байгуулахаар хуульд тусгаж өгчээ. 

Мөн төрийн мэдээллийн сангийн анхдагч өгөгдөлд үндэслэн худалдан авах ажиллагаанд оролцож буй аж ахуйн байгууллагуудын суурь мэдээллүүдийг давтан нэхдэг асуудлыг шийдэж, зөвхөн худалдан авах ажиллагаатай холбоотой материал боловсруулалт тооцооллыг хянаж шалгаруулдаг байхаар оруулжээ. Ингэж худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ил тод болгосноор тендер шалгаруулалтад олон нийтийн хяналт нэмэгдэж, тендерийн үйл ажиллагааг хялбар болох боломжийг хуулиар бүрдүүлээд байна. 

Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас 2022 оны 12-дугаар сард өргөн мэдүүлсэн. УИХ-аар хэлэлцүүлж бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, ажлын хэсгийн гишүүнээр Ж.Батжаргал, Ц.Даваасүрэн, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нарын гишүүд ажилласан юм.

Хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн  Ж.Батжаргал: 

“Тодорхой зохицуулалтуудыг оруулснаас онцолбол үндэстнийхээ үйлдвэрийн байгууллагуудын хөгжлийг хангах тухай асуудалд анхаарсан. Иймд дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа зүйлсээ давуу эрхтэй худалдан авдаг байхаар зохицуулж өгсөн

Ингэхдээ эх оронч худалдан авалтад дотоодын үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, орон нутагт ажлын байр бий болгож ажиллаж буй аж ахуйн нэгж байгууллагуудад давуу эрх олгох хувь, коэффицентуудыг тодорхой зааж өгч мөн импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнтэй дотоодын бараа бүтээгдэхүүнийг нэг тендерт шалгаруулах зааг хязгаарыг тогтоож өгсөн. Ингэснээр эх орныхоо үйлдвэрийн эдийн засгийн хөгжил тэлэлтийг тэлэх бололцоо боломжийг бүрдүүллээ” гэсэн юм. 

Түүнчлэн үндэслэлгүй бага үнээс татгалзах буюу төсөвт өртгөөс 20 хувиар бага үнэ ирүүлсэн бол үндэслэлийг заавал дурдана. Үндэслэлгүй бол тендерээс татгалзана гэдгийг эл хуульд тодорхой тусгалаа.