Хуулийн өөрчлөлтөөр тендерт оролцсон бүх компанийн материалыг ил болгоно
2019.03.20

Хуулийн өөрчлөлтөөр тендерт оролцсон бүх компанийн материалыг ил болгоно

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 11, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нарын гурван гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их хурлын гишүүн Д.Оюунхорол хийсний дараа Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, О.Батнасан, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд, Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, тодрууллаа.

Гишүүдийн зүгээс  хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авахдаа хамгийн бага үнийг сайн гэж үнэлж тендер шалгаруулах, түүнчлэн тендерт шалгарч чадаагүй аж ахуйн нэгжүүд үндэслэлгүй гомдол гаргаснаас бүтээн байгуулалтын ажил саатах, хугацаа алдах, хохирол хүлээдэг асуудалд хариуцлага тооцсон заалт тусгасан эсэхийг илүүтэй лавласан. 

Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол хариултдаа,

төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулахад хоёр шалгуурыг тавьсан. Тендер зарласан аж ахуйн нэгжүүдээс эхний шалгуурт техникийн үзүүлэлт, чанар, стандартын шаардлага хангасан байдлыг харгалзана. Энэ шалгуурыг давсан аж ахуйн нэгжүүдээс тендертээ мэдэгдсэн хамгийн бага үнийг нь үнэлж, сонгоно гэсэн заалт оруулсан. Олон улсын жишиг ч хамгийн бага үнэ гэсэн шалгуур тавьдаг гэдгийг онцлов.

Хуулийн төсөлд тендерт оролцсон бүх компанийн материалыг ил болгохоор заасан. Өмнө нь бүх зүйл нууц байсан. Тендерийн материалыг ил тод болгосноор  шалгарсан компани болон шалгарч чадаагүй аж ахуйн нэгжүүд давуу болон сул талаа мэдэх, нээлттэй байдал үүсэх тул үндэслэлгүйгээр гомдол гаргаж, ажил унагаадаг, цаг алддаг байдлыг арилна гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэмж тайлбарлаж байлаа. 

Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэгтгэсэн хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 17 саналаар хураалт явуулсан. Ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлд 55.9 дэх буюу “Тендерт оролцогчийн гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээг 20 сая төгрөгөөс хэтрэхгүй. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцааж олгоно” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив. 


Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төслийн 3 дугаар зүйлийн 12 дахь заалт буюу 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсгийг төрийн бус байгууллагуудад давуу байдал олгох, бизнесийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон асуудал тул дэмжих шаардлагагүй гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд “Энэ хуулийн 47.4-т заасан үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг томилох, ажиллах журмыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилохдоо нийслэлд Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын, аймаг түүний салбар зөвлөлийн саналыг үндэслэл болгоно” гэсэн Ажлын хэсгийн санал дэмжигдсэнгүй. 

Гишүүдийн зүгээс хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын гаргаагүй тул анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.