2022.06.09

Ц.Даваасүрэн: Тендерийн баталгаа, урьдчилгааны асуудлыг хуульд хэрхэн тусгасан бэ

УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Энэ бол зайлшгүй хурдан хугацаанд шийдэх ёстой хууль. Яагаад гэвэл манай барилгын ажил улирлын шинж чанартай. Барилгын ажлуудыг явуулахад гол учирч байгаа хүндрэл бол тендер. Маргалдаад 2,3 жил шүүхээр явдаг. Ийм буруу жишиг ялангуяа нэн чухал шаардлагатай  баригдах ёстой объектууд дээр гараад байгаа юм. Санал нийлэхгүй байгаа зүйл нь “Ковид”-той холбогдуулаад шууд гэрээ байгуулна гэсэн заалт байна. Ковидоор далимдуулахаа больё. Ковид илааршлаа,  уг хуулиа оруулж ирэхгүй бол үндсэн хууль шиг бусад хуулиа давсан энэ хуулийг цэгцлэх хэрэгтэй.

Хөрөнгө оруулалт дээр баталгаа гаргаж байгаа асуудлыг анхаарах шаардлагатай байна. Мөн урьдчилгаа өгөхгүй байна. Урьдчилгаа өгөхгүй байна гэдэг чадвартай том компаниудад хоол бэлдэж байна гэсэн үг. Шинээр юм хийе хүмүүст боломж өгөхгүй, хаалгыг нь хааж байгаа зүйл болж байна. Ялангуяа хөдөө орон нутгийн компаниудыг дэмжих чиглэлээр урьдчилгаа өгөхгүйгээр шийдэж болохгүй. Урьдчилгааг нь өгөөд гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явах асуудлыг шийдэхгүй бол хөрөнгө оруулалт явахгүй нь.

Мөн өөр асуудал нь тендерийн баталгаа байна. Үүнд нилээн анхааралтай хандах хэрэгтэй. Энэ жилийн хувьд хөрөнгө оруулалтууд гэхээр 3,4 тэрбумын төсөвтэй мөртлөө 100, 200 сая төгрөг тавьдаг. Энэ нь тендерийн баталгааны мөнгөнд хүрдэггүй. Ингэхээр яаж тендерт оролцох юм бэ? Үүнд анхаарахгүй бол баталгаа гаргаж байна гэж банкинд сул, чөлөөтэй мөнгө хадгалах боломж болж хувирч байна. Хугацаа хэмжээг нь бодолцох хэрэгтэй. Энийг яаж шийдэх вэ?   

Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариуллаа