О.Баасанхүү: Төрийн мөнгө "цохидог" сонгодог хулгайн аргыг зогсоох хэрэгтэй
2019.03.20

О.Баасанхүү: Төрийн мөнгө "цохидог" сонгодог хулгайн аргыг зогсоох хэрэгтэй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэд хэдэн санал дээр байр сууриа илэрхийлээ.

Албатай юм шиг тендер төр зарлачихаад эргээд гомдол гаргах эрхийг нь мөнгөөр хязгаарлаж  болохгүй

Хуулийн төслийг гэрлийн хурдаар уншиж, судлах хэрэгтэй болж байна л даа. Дэгийн хуулиар хэлэлцэж байгаа асуудлыг тодорхой саналыг үндэслэлийг багадаа 24 цагийн дотор тарааж, түүнийг судалж, ингээд судалж, ард түмнээ төлөөлж үг, саналаа хэлэх ёстой. Энэ хуультай холбоотой саналуудыг өглөө тарааж өгөөд, шууд хэлэлцэж байна. Энэ нь нэг хэлбэрийн дарамт байна л даа. Тендерийн маргаантай холбоотой асуудал энд ойлгомжгүй байна. Албатай юм шиг тендер төр зарлачхаад эргээд гомдол гаргах эрхийг нь мөнгөөр хязгаарлаж байна. үүнийг дараагийн хэлэлцүүлэг дээр боловсронгуй болгох шаардлагатай байна. 

Чанаргүй нийлүүлэлт хийж байна гэсэн хэл ам гардаг. Хамгийн бага үнээр тендер шалгаруулж байгаа юм чинь чанаргүй байхгүй яах юм. Хамгийн бага үнээр гэдэг балайрлыг болих хэрэгтэй. Энэ бол төрийн мөнгө угаадаг сонгодог арга. Хамгийн бага үнийг шалгаруулаад араас нь төсөв нэмэгдүүлэх байдлаар мөнгө "цохиж" байгаа юм. Бусдаар тендерийн хорооны хүмүүсийг улайн цайм мөнгө өгч хахуульдаж байгаа нь бага байгаа байхаа. Тиймээс энэ сонгодог хулгайн аргыг зогсоох арга бол хамгийн бага үнэ хэлсэн нь давуу тал болно гэдэг үгээ болих хэрэгтэй.