Ж.Батжаргал: Тендерт шалгарсан компани хуулиар хязгаарласнаас бусад бүх мэдээллийг ил болгоно
2023.06.20

Ж.Батжаргал: Тендерт шалгарсан компани хуулиар хязгаарласнаас бусад бүх мэдээллийг ил болгоно

Улсын Их Хурлаас долоо хоногийн Мягмар гарагт “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа хуулийн төсөл болон батлагдсан хуулиудын талаар олон нийтэд мэдээлэл өгдөг уламжлалтай.Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцууллаа. 

Уг хуулийн төслийг Засгийн газар 2022 оны 12 дугаар сарын 14-ний  өдөр өргөн барьсныг Улсын Их Хурал 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан. Хуулийг 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөх юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал ярианыхаа эхэнд, хуулийн шинэчилсэн найруулгаар хүний оролцоог бууруулах, нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хялбар тендер шалгаруулалт, эх оронч худалдан авалтыг дэмжих, хариуцлагажуулах зэрэг асуудлуудыг гол үзэл баримтлалаа болгосон гэж онцлон тэмдэглэлээ.Тухайлбал, эх оронч худалдан авалтыг дэмжих бодлогын хүрээнд зөвхөн дотоодын бараа үйлдвэрлэгч хоорондоо өрсөлдөнө, чанар стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор батална.

Дотоодын давуу эрхийн зөрүүг заавал тооцно. Дотоодын барааны тендер шалгаруулалтад импортын бараа нийлүүлэгч оролцох эрхгүй гэх зэргээр хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ. Мөн үндэслэлгүй бага үнээс татгалзах буюу төсөвт өртгөөс 20 хувиар бага үнэ ирүүлсэн бол үндэслэлийг заавал дурдана. Үндэслэлгүй бол тендерээс татгалзана гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан.

 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn