2018.05.29

Н.Амарзаяа: Нийслэл өөрөө татварын бааз, суурьтай байж бие дааж хөгжих боломжтой

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн.

2017 оны 6 сарын 20-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хууль жил гаруйн хугацаанд завсардаад байсан юм. Хуулийн төслөөр дагуул хотыг байгуулах, Нийслэл бие даасан байдлаар хөгжих эрх зүйн орчин бүрдэх юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хуулийн төслийг дэмжиж байгаагаа хэлээд, дараах байр суурийг илэрхийллээ.

Н.Амарзаяа: ААН-ийн орлогын албан татвар өөрөө улсын төвлөрсөн төсөвт ордог гол орлогын нэг.  НӨАТ, Онцгой албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэх мэт 4-5 төрлийн татвар улсын төсөвт төвлөрдөг. Ялангуяа орлогын гол даац хэсэг услын төсөвт төвлөрдөг. Аймаг, орон нутагт ажлаар явахад тухайн газар үйл ажиллагаа явуулж байгаа ААН байгууллагын орлогын албан татварыг аймаг, нийслэлд нь эрх мэдлийг нь шилжүүлэх асуудлыг бизнес эрхэлж байгаа, тухайн орон нутагтаа ашиг орлого олж байгаа хүмүүс санал болгодог.

Монгол Улсын Засгийн газар татварын багц хуулиа өргөн барьж байна. Энэ цаг хугацаанд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, тэр дундаа татвар, төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа нь зөв гэж харж байна.

Аливаа татварын, санхүүгийн бодлогыг бид ярихдаа Монгол Улсад аль түвшинд, ямар бодлоготойгоор, яаж хөгжих гэж байна вэ гэдэг хөгжлийн бодлого дээрээ суурилсан төсөв санхүүгийн асуудлыг дараагийн түвшинд ярих шаардлагатай гэж үзэж байна.

Дагуул хотуудад 20 жил гээд ААН-ийн орлогын албан татварт хугацаа зааж хөнгөлсөн байна. Энэ бодлогыг зөв гэж харж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 20 гаруй жил батлагдсанаасаа хойш шинэчлэгдэж найруулагдаагүй, хүн амын тоо, хот байгуулалтын хүрээ ихээхэн өөрчлөгдөж тэлсэн. Тиймээс 2017 онд барьсан энэ хуулийг, ялангуяа татварын асуудлыг ярих нь зүйтэй гэж үзэж байна. Тэр дундаа нийслэл өөрөө татварын бааз, суурьтай байж бие дааж хөгжих боломжтой гэж үзэж байна. Татварын бодлогын асуудлыг нийслэлийн, аймгийн хэмжээнд ямар түвшинд авч үзэх саналыг бодлогын түвшинд авч үзээд одоо өргөн барих гэж байгаа Татварын багц хуулиндаа энэ асуудлуудыг шигтгэж оруулах нь зүйтэй.