УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.06.30

О.Баасанхүү: Эрсдэлтэй ч ирээдүйд тустай шийдвэр гарга л даа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуудал хөндлөө. 

Нийслэлийн уугуул иргэний хувьд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэхийг дэмжихгүй байгаа юм биш. Нийгэмд “популист” шинжтэй хуулиуд гай тарьж байна. Хэрэгжих боломжгүй, судалгаагүй хуулийн төслүүд орж ирж байна. Наад зах нь татвар бол төсөв бүрдүүлэгч нэг хэсэг. Гэтэл татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай ярих юм.

Уг хуулийн төсөлд нийслэлийн эрх зүй буюу нийслэлийн хэм хэмжээг тогтоох тухай зохицуулалтыг оруулж ирэх ёстой. Тогтоосон хэм хэмжээтэй уялдуулан шаардлагатай тохиолдолд татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг ярих учиртай. Өнөөдөр ард түмэнд таалагдах, бүх зүйлийг сайхан болгох мэтээр харагдах нь хэтдээ хэр зохимжтой юм бол?

Асуулт асууж, үг хэлж буй гишүүдийн дийлэнх олонх нь өмнөх хотын удирдлагуудыг буруутгаж байна. Тухайн үед Ионсей эмнэлгийг хаасан нь маш буруу болсон. Гэхдээ авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийсэн нь эхэн үедээ шүүмжлэл дагуулж байсан ч өөр гарц байгаагүй гэдэг нь нотлогдсон. Тиймээс сайн, мууг дэнслэх хэрэгтэй. Өнгөрсөн парламент, хотын удирдлагуудыг хэдэн цаг, өдөр, сар, жил муулах вэ? Одоо энэ бүхнээс ард түмэн залхаж байна. 

Зүгээр л үр, жимсээ харуулах хэрэгтэй. Эрсдэлтэй ч гэсэн ирээдүйд тустай шийдвэр гаргах хэрэгтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэд хэдэн дорвитой алхам хийсэн. Энэ бүхнийг бүхлээр нь үгүйсгэж болохгүй. 

Нэгэнт хууль батлагдах гэж байгаа бол шилжилт хөдөлгөөн, орон сууц, авто зам зэргээр бүх асуудлыг яах тухай маш тодорхой тусгамаар байна. Тодорхой стандарт хэрэгтэй байна. Хотын захиргаа өөрийн байргүй болсон гэж үнэн үү?