Б.Баттөмөр: Нийслэлийн бүтээн байгуулалтад иргэдийг татан оролцуулах боломж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үг хэллээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлт, ипотекийн зээлийг нийслэлд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ипотекийн зээлийг эдийн засгийн утгаар нь хэрэгжүүлэх тухай зохицуулалтыг оруулж өгсөн. Үүнийг нийслэлийн түвшинд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
Монгол Улсын хөгжил бол нийслэлийн хөгжил. Нийт ААН-ийн 70-аад хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын ДНБ-ий зонхилох хувийг үйлдвэрлэж байна. Тиймээс улсын хөгжил нийслэлтэй шууд холбоотой байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга Засгийн газрын гишүүн байх ёстой гэж боддог. Хотын томоохон бүтээн байгуулалтад иргэдээ татан оролцуулах хэрэгтэй. Иргэдийн нэг хэсэг нь тогтсон хуримтлалтай болсон бөгөөд 12 их наяд орчим төгрөгийн харилцах хадгаламж байна. Үүний дийлэнх нь нийслэлийн иргэдийнх. Тиймээс нийслэлийн бүтээн байгуулалтад иргэдийг татан оролцуулах боломж байна. Аутсорсинг, хуваалцах үйлчилгээнүүд Улаанбаатар хотод бий болох ёстой.