Д.Сумъяабазар: Цэвэрлэх байгууламж, гэр хорооллын дахин төлөвлөлт, цэвэр усны хангамж, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийд
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тодорхой асуудал дэвшүүллээ.
Хуулийн төсөлд засаж сайжруулах хэд хэдэн зүйл байна. Тухайлбал, хуулийн төслийн 7 дугаар зүйлд санхүүтэй холбоотой асуудал байна. “Нийслэлийн хөгжлийн бодлого, эдийн засгийн үндэс, санхүү, өмчийн бодлого” гэсэн бүлгийн зарим заалтыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлт нь хотын иргэдийн амьжиргаа, амьдралын чанарт тодорхой ахиц авчирна гэж бодож байна. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөө сайжруулах зүйлс байна шүү гэдгийг хотын удирдлагуудад анхааруулъя.
1 сая гаруй иргэн Улаанбаатар хотод амьдарч байна. Тиймээс уг хуулийн төслөөр ногоон байгууламж, цэвэрлэх байгууламж, цэвэр усны хүртээмж гээд олон асуудлыг зохицуулах шаардлагатай. Үндсэн хуульд нийслэл хоттой холбоотой ямар өөрчлөлт оруулах талаар УИХ-ын гишүүнтэй хамтран ажиллах хэрэгтэй шүү.
Нийслэл хот бол улсын хөгжлийн толь юм. Гадны жуулчид Чингис хаан нисэх онгоцны буудалд буугаад л Монгол Улсын хөгжлийг гадарладаг. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж, олон талт хамтын ажиллагааг уялдуулах ёстой.
Хотын тавин хувь нь дүүрэг. Дүүргийн тавин хувь нь хороод буюу анхан шатны нэгж. Энд амьдарч буй иргэдийн амьдрах орчныг сайжруулах тал дээр УИХ, Засгийн газар, нийслэлийн удирдлагууд хамтарч байж тулгамдсан асуудлаа үе шаттайгаар шийдвэрлэнэ.
Хуулийн төсөлд чөлөөт бүс байгуулж болно гэж заасан нь тодорхойгүй байдал үүсгэж байна. Тодруулбал, чөлөөт бүсэд аж ахуй эрхлэх иргэн, хуулийн этгээдэд татварын ямар хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, гарааны компаниудын үйл ажиллагааг яаж дэмжих, ямар стандартыг нэвтрүүлэх шаардлагатай талаар тодорхойгүй байна.
Чөлөөт бүсийг яг хаана байгуулах, техник, технологи, ноу-хауг бий болгож, хотын хөгжил, хотын татварын бааз суурьд дэмжлэг үзүүлэх юм бэ гээд бүх зүйл тодорхой баймаар байна.
Хөрөнгийн зах зээлээс санхүүгийн шинэ эх үүсвэрүүдийг бий болгох боломж хэр байна? Нийслэл үнэт цаас гаргалаа гэхэд зөв зохистой хэмжээгээр гаргаж, зөвхөн шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг байх хэрэгтэй. ТЭЗҮ-ийг сайтар боловсруулсан, үр ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө босгохоос айх хэрэггүй.
Өмнөх дөрвөн жилд Чингис бонд, Хөгжлийн банкнаас гаргасан бондыг ямар ч тооцоо, судалгаагүй төслүүдэд хөрөнгө оруулж, үргүй зарцуулсан. Энэ нь эргээд ард түмний дунд бухимдал бий болгосон. Тиймээс энэ алдааг давталгүй Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, гэр хорооллын дахин төлөвлөлт, цэвэр усны хангамж, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй.