2010.11.01

Нийслэл эрх мэдлийн төдийгүй эдийн засгийн эрх чөлөөтэй байж хөгжинө

Хотын төсөв, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль тойрсон асуудлаар ярилцах "Редакцийн уулзалт"-д УИХ-ын гишүүдийг хотын дарга нарын хамтад нь урьсан юм. Зочид ч товлосон цагтаа хүрэлцэн ирж, ярилцлага ч яг цагтаа эхэлсэн. Нийслэлийн нэгдүгээр орлогч Б.Баатарзориг даргаар ахлуулсан хотынхны багт Барилга хот1байгуулалт!, дэд бүтэц хариуцсан орлогч Б.Мөнхбаатар, Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Цогзолмаа, экологи хариуцсан орлогч Да.Ганболдоос гадна Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ганхүү, Засаг даргын Тамгын газрын Санхүүтөрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нар багтсан байв. Хотын дарга нартай хамт нийслэлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх урилгыг бид УИХ-д нийслэлээс сонгогдсон 20 гишүүнд илгээсэн ч тэднээс Х.Тэмүүжин, Г.Баярсайхан хоёр л ирлээ.

-Хотын хэтэвчинд хэчнээн төгрөг байвал дараагийн жилд өлөн зэлмүүн биш, өег хангалуун амьдрах боломжтой вэ. Хотын удирдлагууд жилийн жилд бэрхшээл ярьдаг. Ирэх оны төсөв хэр хэмжээтэй байх вэ?

Б.Баатарзориг:

-Танай сонины хамт олонд Туул голыг хамгаалах аян өрнүүлж иргэдийн анхаарлын энэ зүгт хандуулж чадсанд юуны өмнө талархал илэрхийлье. Туулын талаар төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэхэд та бүхний дэмжлэг туслалцаа их байсан гэдгийг зориуд хэлээрэй гэж хотын дарга захисан. Улаанбаатар хотын тухайд хэрэгцээ ихтэй ч санхүүжилт хязгаарлагдмал. Төсвийн тухай хуулийн төслийг өнгөрсөн жил УИХ-аар батлахад л энэ жилийн төсвөө давхар төлөвлөж эхэлдэг. Төсвийн тухай хуулийн төсөлд саналаа хүргүүлсэн. Нийслэл одоогийн байдлаар 1,2 сая хүн амтай. Нийт газар нутгийн 0,3 хувийг эзлэн амьдарцгааж байна. Хамгийн тулгамдсан асуудлуудаа тооцоход л нийслэлд 340 тэрбум төгрөгийн хэрэгцээ гарч байгаа.

-Өнгөрсөн жилээс хэр өссөн тоо вэ, 340 тэрбум гэдэг?

-Манай тулгамдаж байгаа асуудлыг үе шаттай шийдэхэд хэрэгтэй байгаа хэрэгцээний судалгаа л даа, 340 тэрбум бол. Түүнээс батлагдсан санхүүжилт бол үүнээс бага.

Х.Тэмүүжин:

-Надад хоёр зүйл бодогдож байна. Улаанбаатар хотын төсвийг ярих гээд байна уу. Эсвэл нийслэлийн төсвийг ярих гээд байгаа юм уу. Ихэнх тохиолдолд энэ хоёрыг ялгадаггүй, нэг зүйл гэж боддог. Улаанбаатар хотын төсвийг яривал орон нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн удирдлага, өөрсдийнх нь цуглуулж чаддаг мөнгө гээд олон зүйлийг ярина. Нийслэлийн төсвийн тухайд зөвхөн Засгийн газрын эрх мэдлийн асуудал болж хувирна. Яагаад гэвэл Засгийн газар төрийн төв байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд нийслэл гэдэг бүтэц дээрээ хэдий хэрийн ачаа үүрэх ёстой вэ гэдэг орон нутгийн асуудал биш. Манайх харамсалтай нь энэ хоёр зүйлийг нэг гэж ойлгож, одоо ч гэсэн өргөн барьсан хуульдаа оруулчихсан байгаа. Миний шүүмжилж харж байгаа зүйл бол Улаанбаатар хот гэдэг өөрөө амбицтай, өөрийн гэсэн оршин суугчтай. Тэдэндээ үйлчлэх ёстой. Гэтэл энэ амбиц үйлчилгээгээ нийслэл гэдэг статусаар зорилгоо өөр баглаа боодолд хийгээд оруулаад ирчихсэн. Тэгэхээр одоо яах вэ гэдэг асуудал үүсч байна. Би анх оруулж ирэхэд нь хотын удирдлагуудад хэлсэн. Үнэхээр та нар өөрсдийн амбиц, өөрсдийнхөө иргэдэд үйлчлэх үйлчилгээний мөнгийг шийдэх гэж байгаа бол Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг сайжруулах замаар шийдвэл Улаанбаатар хот гэдэг статусыг нэмэгдүүлж байж төсвөө ярина.

-Таныхаар ямар статусаар оруулах нь илүү гэж үзэж байгаа вэ?

-Нийслэлийн статусаар оруулж ирвэл Засгийн газарт бүх эрх мэдлээ алдана. Бусад улс орнууд тодруулбал, холбооны улсууд тусдаа муж гэж зарлаж байгаад нийслэл нь статусаа авдаг. Нэгдсэн улс бол хот дотроо тодорхой гортиг татаад, нийслэл гэдэг статусаа авдаг юм билээ. Нийслэл гэдэг асуудлыг ярих гэж байгаа бол нийслэлийн гортиг Улаанбаатар хот дотор ямар хэмжээнд байх юм. Түүнийг л ярих хэрэгтэй. Тэр дотор ЭСЯ-д нь хаанаа байх юм, төрийн төв байгууллагууд нь хаана байх вэ зэрэг асуудлаас эхлээд газар олголтыг хүртэл Засгийн газар дангаараа мэднэ гэсэн үг. Энд ийм зүйл байгуулна, түүнийгээ тойруулаад аюулгүй байдал, нийгмийн хүртээмжтэй байдлыг ингэж шийднэ гэсэн өөр бодлого орж ирнэ. Хэрэв Улаанбаатар хоттой холбоотой зүйл ярих гэж байгаа бол бидэнд олон асуудал тулгарч байгаа. Нуулгүй хэлэхэд Улаанбаатар хот хоёр тусдаа чиг үүргийг ганцаараа үүрч явах гээд зүтгээд байна. Нэг нь төрийн төв байгууллагуудын хэрэгцээ шаардлага, нөгөө нь иргэдийнхээ хэрэгцээг хангахын тулд шүү дээ. Гэтэл эдгээр асуудал нэг хүн дээр овоорох ёсгүй, эрх мэдлийг давхар үүрчихээд үүнээсээ болоод бэрхшээлтэй тулгарч байна. Монголын нэг үлгэр байдаг даа. Гурван амьтан олсон жаахан олзоо нэг нь ус руу, нэг нь газар руу, нэг нь тэнгэр рүү чирдэг. Түүн шиг цугларч байгаа мөнгө, байгаа эрх мэдлээ нэг нь Засгийн газрын төлөө, нэг нь хотын иргэдийн төлөө зориулах гээд байдаг.

Энэ байдлыг халъя гэж бодож байвал эрхзүйн орчноо цоо шинээр гаргах ёстой. Үнэхээр Улаанбаатар хотын иргэдэд үйлчлэх өөрөө удирдах ёстой байя гэж бодвол хотын татварын тухай ярина. Санхүүгийн хараат бус байдлын тухай хөндөх нь зөв. Нутгийн өөрөө удирдах ёсны эрх мэдлийн тухай ярих хэрэгтэй болно. Нийслэл гэдэг статусаар яривал нийслэлийн Захирагч Засгийн газрын гишүүн байх ч ярих зүйлийн нэг. Засгийн газраас бүх асуудал шийдэгддэг байх талаар ярина. Газар олголтыг иргэдийн санаачлагаар бус Засгийн газрын санаачлагаар явуулах тухай ярих болно. Энэ хоёр зарчмын зөрүүтэй асуудлыг эвцэлдүүлж болдоггүй. Бид хольж авч хэлэлцээд байгаа учраас асуудлаа хаанаас эхлэхээ мэдэхгүй байна. Улаанбаатар хотын зөвхөн нэг асуудлын тухайд яривал өнгөрсөн жил нэлээд хэрүүл дагуулсан оюутны нийтийн тээврийн зардал байна. Тэр зардлыг хот үүрье гэж байгаа бол шийдвэр гаргах эрх мэдлийг авах ёстой. Улаанбаатар хотод их, дээд сургууль байгуулах зөвшөөрлийг хот өөрөө олгодог болж байж эдийн засгийн ачааг авна. Оюутнаас, боловсролоос хотод орлого ордоггүй. Гэтэл бодлого нь Боловсролын яаманд байдаг мөртлөө зардлыг нь хотод үүрүүлэх бол шударга биш. Тэгэхээр шийдвэрээ Боловсролын яам гаргадаг шиг зардлаа мөн хариуцдаг байх ёстой. Улс төсвөө ав. Хотынхонд шийдвэр гаргах эрх өгч, боловсролыг хотод оруулдаг хөрөнгө оруулалт бизнес гэж харах боломж олгож байгаа бол бид тээврийн зардалтай холбоотой зардлыг үүрье гэдэг нь хотын бодлого. Нийслэлийн бодлого биш. Нийслэлийн бодлого бол элчингүүдэд хаана газар өгөх юм, яам агентлагуудад хаана газар өгөх вэ, нөгөө элчингүүд, яам, агентлагууд газартай болсон нөхцөлд иргэдэд үйлчлэх дэд бүтцийг яаж шийдэх вэ, машины зогсоолоос эхлээд, гэрэл дохио хүртэл орно шүү дээ.

-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг өргөн бариад байгаа. Хууль батлагдсаны дараа яриад байгаа энэ хоёр асуудлыг цэгцлэх боломж бий юу?

Б.Баатарзориг:

-Эрхзүйн байдлын тухай хууль өргөн баригдаад, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх нь шийдвэрлэгдсэн. Байнгын хороодоос ажлын хэсэг гараад ажиллаж байна. Энэ хууль Үндсэн хууль бусад хуулиудтай холбоотой олон асуудлыг хөндөх учраас их найдлага байгаа. Улаанбаатар хот нэг талаар нийслэлийн чиг үүргийг төрийн захиргааны төв байгууллагын өмнө хүлээж байгаа. Хот гэдэг утгаараа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг явуулж байна. Тэгэхээр Үндсэн хуульд болон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд энэ ойлголтыг салгаж өгөөгүй. Ер нь бол статусын хувьд салгаж өгөх зүйл байгаа. Өнөөдрийн төсвийн төсөлд өргөн баригдсанаар бол Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль шинэчлэгдэж өөрчлөгдөөгүй учраас одоогийн харилцаагаараа орчихоод байгаа. Явцын дунд Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль бусад хуулиудад өөрчлөлт ороход саяын яригдсан зүйлийг ялгаж салгах асуудал бий. Одоо мөрдөж байгаа нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль 1994 онд Улаанбаатар хот 500 мянган хүн амтай байсан үед батлагдсан. Х.Тэмүүжин гишүүний хэлснээр хотын татвар, эдийн засгийн хараат бус байдлын тухай, нутгийн өөрөө удирдах ёсны асуудлыг төслийн хэмжээнд оруулчихаад байгаа. Яаж батлах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

-Хот энэ онд хэчнээн төгрөгийн авлага олох, түүнийхээ хэдийг нь улсын төсөвт өгөх ёстой вэ?

-2010 онд Улаанбаатар хот 148 тэрбум төгрөгийн орлого олно. Үүнээс 92 тэрбумаа зарлаж, улсын төсөвт 56,1 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой.

-Мэдээж хууль батлагдсан ч хэрэгжиж эхлэх болоогүй байна. Тэгэхээр ирэх жил улсад өгдгөө өгөөд хуучнаараа л явах юм байна, тийм үү?

-Улаанбаатар хотоос УИХ-д сонгосон 14 гишүүнтэй саяхан уулзлаа. Хотын асуудалд санаа зовж байгаа гишүүд ирсэн. Уг нь 20 ирэх'ёстой. Манай гишүүд хотын хэрэгцээ, тулгамдаж байгаа бэрхшээлийг биднээс илүү ойлгодог. Учир нь иргэдийн өдөр тутмын хэрэгцээтэй тэд тулгардаг. Бид тэдэнд "Ах аа намайг бодоорой" гэж хэлсний учир нь Улаанбаатар хот 2007 онд улсад төвлөрүүлдэг орлогоо оросууд шиг тэглэж үзсэн. Тэгээд үлдсэнээрээ, улсаас нэхэхгүйгээр юмаа хийж үзлээ. Түүн шиг 56,1 тэрбум төгрөгийг тэглэж өгөөч ээ. Тэгвэл та бүхний яриад байгаа хотын гэрэлтүүлэг, тохижилт, утааны асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж өгье гэж. Хоёр дахь төсөлд шийдвэр гаргахын өмнөхөн тусгагдсан 30,9 тэрбум төгрөгийг нийтийн тээвэрт Улаанбаатар хотоос аваад явчихаж байна. Өнөөдөр Өмнөговь аймгаас шилжиж ирчихээд маргааш шууд хотын арай чамай хуримтлуулсан татварын орлогоор тэр оюутан зорчдог хэрнээ хотын соёл мэдэхгүй. Ийм хүмүүст үйлчилгээний зардал гаргахгүйгээр салбарын санхүүжилтийн хүрээнд нийтийн тээврийг өгөөч ээ гэж хүссэн юм. Яагаад гэвэл цагдаагийн ажилтнуудын нийтийн тээврээр зорчих зардал нь Хууль зүй дотоод хэргийн сайдын багцад байдаг. Түүн шиг оюутнуудынх яахаараа квотоо мэддэг БСШУЯ-нд, өндөр настнуудынх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд байж болохгүй гэж гэсэн хүсэлт тавьсан. Хотод санхүүжилт бэрхшээлтэй ч хийх ажил их байна. Дэмжээч гэдгийг хотоос сонгогдсон эрхэм гишүүд төсвийн тодотголын үеэр УИХ-ын даргадаа танилцуулж, материалаа өргөн барьсан. Тийм учраас чармайх байх л даа.

-Өнгөрсөн жил хотын 20 гишүүн "Шинэ Улаанбаатар" сан байгуулсан. Энэ сангийн үр дүн хэр байна?

Х.Тэмүүжин:

-Тэр үед мөнгө яриагүй. Улаанбаатар хотоос сонгосон гишүүд мөнгөтэй холбоотой асуудалд нэгдсэн байр суурьтай байх, 54 тэрбумын 20-д нь гишүүний гэгдэх нэг тэрбумаа өгье гэсэн хүсэл байсан. Харамсалтай нь кноп дарахад л асуудал шийдэгдээгүй. Бодит ажил хэрэг бол биднийхээр явж чадаагүй. Энэ жил төсөв ярихад өнгөрсөн жилийнхээ хийж чадаагүйг хийе гэж яриад байгаа л даа. 20 тэрбумаа нийлүүлээд сан байгуулъя гэсэн санаа бий.

Б.Баатарзориг:

-Хоттой холбоотой харилцааг зохицуулах эрхзүйн орчинг бүрдүүлэх . боломжийн хувилбар бий. УИХ-ын 76 гишүүний 56 нь орон нутгаас сонгогдсон i нь үнэн, гэхдээ бүгдээрээ нийслэлд амьдардаг. Тиймээс улсын нийслэлийн иргэн та үүргээ биелүүлж өгнө үү гэдгийг та бүхнээр дамжуулан хэлэх гэсэн юм.

-Хотын иргэний төлөө кноп даруулдаг байх ёстой л юм байна, тиймүү?

Х,Тэмүүжин:

-Уг нь тийм. Гэхдээ хөлөө олохгүй л байна. Шинэ хуулиар хотын иргэдийн төлөөлөл УИХ-ын гишүүдийн квот нэмэгдэх байх. Хүн амын 50 хувь нь төвлөрч байгаа газраас УИХ-ын гишүүн хэд байх хэрэгтэй нь ажиглагдаж байгаа биз дээ.

-Шинэ хуулиас хүмүүс илүү их анхаарч УИХ-ын  гишүүд үүнийг л битгий хасчихаасай гэсэн заалт олон бий байх. Зориуданхааруулж хэлэх юу байна, шинэ хуулийн төсөл дээр?

Д.Ганболд:

-Монголын хүн амын тэн хагас нь нэг суурин дээр нүүгээд ирлээ. Хоёр чиглэлд бүх санхүүжилтээ хуваадаг. Нийт төсвийг хүн амынх нь тоогоор хуваарилах,  нөгөөх нь газар нутгийн хэмжээгээр хуваах. Хүн амын тоондоо хуваалаа гэхэд алсын нэг суманд хуваарилсан төсвөөс ялгагдах юмгүй шахам байдаг. Аль хэдийн нийслэлд хүрээд ирсэн оюутан хүүхдэд хамаатай зардал нутагт нь оччихсон байдаг. Ний нуугүй хэлэхэд өнөөдрийг хүртэл уламжлагдан ирсэн механизмаар гишүүдийг нутаг дэвсгэрийн хуваариар хуваахад нэг аймгаас 2-3 гишүүн байхад хүн амын тал нь суурьшсан нийслэлийг 20 хүн л төлөөлж байна шүү дээ. Уг нь хүн амын тоогоор бодвол нийслэлээс дор хаяж 40 гишүүн нь сонгогдсон байх ёстой. Төсвийн хэдэн хувийг хүн ам, нутаг дэвсгэрээр нь авч үзэхээ бодох хэрэгтэй. Аль ч талаар нь авч үзэхэд хот буруу тал руугаа хэлбийсэн. Хууль батлагдахаар ядаж 50 гаруй мянган тэрбумыг харж үзээч гэж хэлмээр байгаа юм.

Б.Мөнхбаатар:

-Үндсэн хуулийн IV бүлэг буюу нутгийн өөрөө удирдах ёсны асуудал хаягдсан гэж ойлгодог. Ялангуяа хотод байхгүй. Тухайлбал, би Баянзүрх дүүргээс НИТХ-д 58 мянга буюу Дундговь аймгийн нийт сонгогчийн тоотой тэнцүү хүнээс сонгогдчихоод жилд хоёр удаа баталсан төсвийг ёсчлох гээд сууж байгаа. Орон нутгийн удирдлагыг судалгааны түвшинд гаргаж ирж, төрийн байгууламжтай нь хэрхэн холбох талаар ярих хэрэгтэй. Энэ гурван хүрээнд- хот бууж ирж байна. Сая бид өдөр тутмын асуудлын талаар ярилаа. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд шинэ санаа сууж шинэчлэгдэж байна. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл. Үүнийг хөндөхөөр Үндсэн хууль болон бусад 20гаруй хуульд өөрчлөлт орж байгаа юм бол тийм хүсэл эрмэлзэл байгаа ч юм уу, үгүй ч үү.

эмүүжин:

-Парламентийн 20 жилийнойн хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд үүнтэй холбоотой гурван санаа гарч ирсэн. Холбооны болон нэгдмэл улс нэлээн ялгаатай. Нэгдмэл улс нь дотроо улс төр, эдийн засгийн гэсэн хоёр системээр ажиллаж байгаа. Улс төрийн зохион байгуулалттай систем нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хил хязгаараа тогтоож, Засаг даргын удирдлагатай бол эдийн засгийн тогтолцоо нь хот тосгоны эрхзүйн байдлаар хил хязгаараа тогтоож хотын захирагч юм уу өөрөө удирдах ёсоор удирдлагаа тогтоож байгаа юм. Харин манайх 20 жил засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, Засаг дарга руу мөнгө хаяж, эрх мэдэл шилжүүлэх гэж оролдоод байсан. Гэтэл эдийн засгийн хөшүүргийг тооцож үзээгүй. Одоо Засаг даргаас захирагч руу захиргааны нэгжээс иргэн рүүгээ үйлчлэх хэрэгтэй. Энэ бол ганц нийслэлийн хэрэг биш. Хот тосгоныг хүн амынх нь бүтцээр хуваах замаар тухайлбал 5-10 мянган хүнтэй бол суурин, 10-30 мянга бол тосгон, 100 мянгаас дээш жижиг хот, саяас дээш бол том хот гэж нэрлэж болох юм. Гэхдээ үүнд эрх мэдлийн зааг гарч ирнэ. Хэдээс дээш хүн амтай нь захирагчаа өөрсдөө сонгох вэ, ямар хотын татвартай байх, өөрөө удирдах эрх мэдлийн аль нь боловсон хүчин, санхүүгийн эрх мэдлээ авч явах вэ гэдэг асуудал гарна. Засгийн газар хил дагуу суурингаа хүнтэй байлгахын тулд мөнгө өгч тэжээнэ. Бусад нь эдийн засгийн амьд организмаар дамжин хот тосгоны статусаар явах ёстой гэж ярьж байгаа. Эдийн засгийн хувьд бэхжиж, хүн амаа өөртөө татаж байгаа, ажил олголт зэрэг өөрийн гэсэн дүр төрхтэй болж байгаа хотуудыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ийм хотын эхний загвар Улаанбаатар. Тиймээс Улаанбаатарт эрхзүйн асуудлыг маш хурдан шийдээд дараа нь Эрдэнэт, Дархан зэрэг хотыг энэ загвараар хөгжүүлэх ёстой. Ний нуугүй хэлэхэд Парламентийн ордон барих л газар олдохгүй байна. Манайд бусад орон төлөөлөгчийн газраа нээе гэхэд газар олддоггүй. Ингэхээр нийслэлд газар олголт хамгийн чухал. Үүнийг Засгийн газар мэднэ. Харин хотын газрыг хотын дарга л мэднэ. Өөр хэн ч мэдэхгүй. Үүнийг зөв заагаагүйгээс бантан болж байгаа юм. Бид хот, нийслэлээ хооронд нь хольсон учраас олон зөрчил гардаг. Нэг жишээ хэлье.  Хоёр жилийн  өмнө  Багануурт англичууд очоод энэ ямар газар вэ гэхэд манай  нийслэлийн  нэг  дүүрэг  гэхэд ойлгохгүй байгаа юм. Яагаад нийслэлийн хил хязгаар чинь энэ хүртэл явж байгаа юм бэ гэж асуусан. Хот тосгоны эрхзүйн байдалд эрүүл мэнд, боловсрол, аюулгүй . байдал дагаж гарч ирдэг. Энэ бүхэн хүн амын тоогоор гарч ирэхээс газар нутгийн хэмжээнээс шалтгаалдаггүй.  Энэ том асуудал учраас энэ удаагийн хуулиар,  гарч шийдэгдэхгүй ч Улаанбаатар хотын эрх мэдэл шийдвэр гаргалтаа яаж жаахан ч гэсэн дөхүүлэх вэ гэдгээ ярьж байгаа.

Д.Ганболд:

-Энэ    асуудлыг    Үндсэн    хуулийн , хэмжээнд  авч  үзэх хэрэгтэй.   Ер  нь   . өнөөдөр    нийслэлийг    аймгийн    төв  шиг хэмжээнд үзэж байна.  Санаатай, санамсаргүй аль нь болохыг мэдэхгүй, 1992 онд Үндсэн хууль баталж байхад хот гэх статусыг алга болгочихсон түү дээ. Нэг үгээр, Монгол Улсад байх цорын ганц хот буюу нийслэл нь Улаанбаатар. Хүмүүс дассанаараа Эрдэнэт хот, Дархан хот гэж ярьдаг. Гэтэл өнөөгийн хуулиар эдгээр нь хотын статусгүй.

Г.Баярсайхан:

-Өнөөдөр    нийслэлчүүдийн     санааг чилээж байгаа хамгийн гол асуудлыг хэлэлцэж байна. Энгийнээр зүйрлэвэл, айлын хүүхдүүд аль хэдийнэ том болсон ч өрх   тусгаарлахгүй   ээж   ааваараа  тэжээлгэж    байгаатай    адил.    Үүнтэй адил Улаанбаатар   хот   асуудлаа   бие дааж шийддэг, хөрөнгө мөнгөө захиран зарцуулах эрхтэй байхыг цаг хугацаа биднээс  шаардаж байна. Улс төрийн намууд үүнийг өөр өнцгөөс харж, асуудалд нухацтай хандмаар байна.

Засаг дарга, захирагчийн статусыг тодорхой болгох ёстой. Монголчуудын талаас илүүг нь цуглуулсан Улаанбаатарынханд хотын даргаа сонгох, улмаар эдийн засгийн аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх шаардлага тулгарчээ. Саяхан эрүүл мэндийн даатгал, Эрүүл мэндийн хуулийн тухай хэлэлцсэн. Тэгэхэд нутаг дэвсгэрийн хуваарилалтын тухай асуудал босч байгаа юм. Өнөөдөр 200 хүрэхгүй хүн амтай, сум дундын эмнэлэгтэй сум олон бий. Гэтэл ДНБ-ий таван хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулна гэсэн. Тиймээс сумдыг нэгтгэх, хот, аймаг, сумын статусыг тодорхой болгох хувьсгалжсан ч гэмээр шийдвэр гаргах цаг болсон гэж үзэж байна. Манай улс уул уурхайн их тэсрэлтийн өмнө иржээ. Тооцоолж буйгаар 2012 онд их хэмжээний хөрөнгө орж ирэх гэж байна. Өнөөдөр ч гэсэн, улсын төсөв боломжийн түвшинд хүрч байгаа. Үүнтэй холбоотой хөрөнгө мөнгө хаанаас олох вэ гэж биш хэрхэн зарцуулах тухай төлөвлөх шаардлагатай болсон. Тэгэхээр Засгийн газар үндэсний чанартай асуудлууд руу хөрөнгө оруулахад тусгасан байгаа. Харин бодит байдалд манай хотын удирдлага гишүүдээ хэдэн юм зулгааж өгөөч ээ гэж гуйдаг. Хот тосгоны статусын хууль орж ирсэн ч энэ нь заримдаг байгаа. Бүх зүйлийг байх ёстой байранд нь байлгах ёстой. Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд ижил бодолтой байх гэж найдаж байна.

-Нутгийн өөрөө удирдах ёсны хууль, төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг цогцоор нь хийх ёстой юм байна шүү дээ?

Хэмүүжин

-Нийслэлийн  зүгээс ийм цогц асуудлыг оруулж ирж чадахгүй. Хот руу  зарцуулах мөнгө  нь хүрэхгүй байхад бодлого  боловсруулах түвшинд мөнгө гаргана  гэдэг  бэрхшээлтэй.   Энэ  бол Засгийн газрын түвшний асуудал. Харин , Засгийн газраас ийм хэмжээний бодлого боловсруулах хүсэл эрмэлзэл байна уу гэдгийг асуух хэрэгтэй.  Одоо  байгаа аймгуудад эрх мэдэл  шилжүүлчихээр бусдаар тэжээлгэдэг орон нутагт ийм эрх мэдэл нэмэргүй. Учир нь хэн мөнгө төлнө тэр дуугаа захиалдаг гэдэг шүү дээ. Мөнгө олдог эрх мэдэлтэй газар цөөхөн байгаа ч түүндээ түшиглэн эрүүл эдийн засгийг бүрэлдүүлэх ёстой. Орон нутгаас авдаг зардлаа багасгаж хөгжүүлэх хэрэгтэй.

-Жилд олж байгаа 148 тэрбумын орлогыг нэмэгдүүлэх боломж хэр байдаг вэ?

Э.Ганхүү:

-Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь амьдарч байна. Татварын тухай хуулийн зардлын зүйл^ангиараа орон нутгийн орлого бүрдүүлэх гэж заасан байгаа. Энэ нь газрын төлбөр, хүн амын албан татвар, үл хөдлөх хөрөнгийн зэрэг таван төрлийн орлогын татвар ордог. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа МИАТ, АПУ зэрэг томоохон байгууллагууд орлого бүрдүүлж байгаа хэдий ч хотоос дулаан, цахилгаан хэрэглэдэг шүү дээ. Ирэх онд 154 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэх ёстой гэсэн тооцооны дагуу урьдчилсан төвлөрүүлж байгаа учраас энэ мөнгийг хотод нь үлдээчихээд улсад ачаалал үүсэхгүй байх гэж бодож байна.

- Гэхдээ хэдхэн тэрбумыг төсөвт үлдээснээр асуудал хотын өмнө тулгараад байгаа бүх асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ?

-Тийм. Хаанаа ч хүрэхгүй. Бидний өмнө ярьсан 148 тэрбумын орлогын 56-г нь урьдчилан төвлөрүүлээд 30-ыг нь оюутан, өндөр настны нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчиход зориулж байгаа юм. Ингээд 90 тэрбум нь хоёрхон зүйл . буюу улсад, нөгөө нь нийтийн тээвэрт зарцуулж байгаа юм. Гэтэл үлдсэн 60 хүрэхгүй тэрбум нь сая гаруй иргэдийн хөгжил дэвшилд яаж хүрэлцэх билээ.

-Хотын иргэн татвар төлдөг байх тухай ярьж байгаа. Дор хаяж хэчнээн төгрөгийн татвар төлөхөд хотын төсөвт нэмэр болно гэсэн тооцоо байдаг уу. Энэ тухай шинэ хуулийн төсөлд яаж оруулсан бол.

-Хотын татварыг, иргэний, хот төлөвлөлтийн гэж хоёр чиглэлээр оруулах гэж байгаа. Машин тэрэгнээс гадна шатахуун, нефтийн онцгой татвар авбал хотод боломжийн орлого орох нь харагдаж байгаа.

-Ирэх жил хийх томоохон бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт юу байна?

Ц.Ганхүү:

-Нийслэлийн эрхзүйн хууль батлагдах процесс хэрхэн явах талаар би мэдэхгүй байна. Ямартаа ч нийслэл хууль санаачлах биш санаа дэвшүүлэх эрхтэй. Манайд буу, авто машин, газрын зэрэг таван төрлийн татвараар 140 гаруй тэрбум төгрөг олдог. Гэтэл энэ жилийн хэрэгцээ гэхэд л 340 тэрбум төгрөг. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 54 мянган хүнтэй гурван хороонд нэг ч сургууль, цэцэрлэг, байхгүй. Улсын нийт хөрөнгө оруулалтын наймхан хувь л хотод төвлөрдөг.

Б.Мөнхбаатар:

-Би ирэх оны хөрөнгө оруулалтын тухай тодорхой яръя. Залуучуудын өргөн чөлөө буюу "Зоос гоёл"-оос МУИС-ийн хичээлийн I байр, 22-ын товчооноос Төмөр замын гарам, Таван шараас Орбит, Сансарын шатахуун түгээх станцаас Дамбадаржаагийн эцэс, үүнээс цаашаа Шадивлангийн зуслан хүртэлх замыг нээнэ. Эдгээрт зориулж бид өнгөрсөн жил эргэн төлөгдөх нөхцөлтэй 52 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн. Үлдсэн замыг оны дараа дуусгана. Тэгэхээр энэ мэт бодитой ажлуудыг хийж гүйцэтгэх хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгаж өгөөч гэсэн саналыг нийслэлээс сонгогдсон гишүүддээ тавьж байсан. Үүнийг шийдвэрлэж байж зам, гүүрийнхээ асуудлыг бүрэн дуусгах болно. Ер нь ирэх жил бүтээн байгуулалтын ажил их хийнэ гэж төлөвлөөд байгаа. Сая бондын асуудлыг сөхөж байна. Миний бодлоор бондыг гадны том компаниуд авна. Гэтэл энэ ажлыг хийхийн тулд зээлийн зэрэглэл гэж юм байх ёстой. Энэ хэмжүүрийг тогтоодог байгууллага дэлхийд гурав бий. Гэтэл хотын захиргаанд зээлийн зэрэглэлийн асуудлыг хэлэлцэж, эсвэл гадаадад боловсрол эзэмшсэн залуус эргэн ирж ажиллах боломж бий юу гэхэд хариулт нь эргэлзээтэй байх жишээтэй. Бид бонд гэж яриад буй боловч санхүүгийн боловсон хүчний асуудлыг хаяад байна. Гэтэл Улаанбаатар хотын зээлийн зэрэглэл өчигдөр хэд байсан юм, өнөөдөр яаж өөрчлөгдсөн гэдгийг тогтоож байж, хөрөнгө оруулалтыг татах учиртай. Харин манайд тийм зүйл үнэндээ алга.

-Асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй байна гэлээ. Үүнийг УИХ-д хотоос сонгогдсон хорин гишүүн санал нэгтэйгээр нэгдчихвэл асуудалгүй юм биш үү?

Г.Баярсайхан:

-Бид санаачлагыг дэмжээд, гарын үсэг зурсан байгаа.

Б.Баатарзориг

-Саналын хувьд олон янзаар илэрхийлэгдээд байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ бол цогц асуудал. Ний нуугүй хэлэхэд, манай төр бодлого төлөвлөлтөд хэзээ ч хөрөнгө тооцоолж байгаагүй. Хэн нэгний оюун ухааныг үнэлэх явдал байдаггүй. Тиймээс мэргэжилтэн авъя гэхэд хөрөнгө мөнгө Засгийн газарт байхаас биш УИХ-д байхгүй. Гэтэл үүнийг хөндвөл эргээд шүүмжлэл гардаг. УИХ-ын 76 гишүүн их хэмжээний мөнгө авдаг, ажил хийх нэрээр хөрөнгө шамшигдуулж байна гэх мэтээр. Бодлого цогц болох бүрт түүнийг төлөвлөхөд зарцуулах хөрөнгийн хэмжээ ихэсдэг. Засгийн газарт ийм нөөц хангалттай байгаа. Гэтэл УИХ-д байхгүй. Өмнө нь бид хуралдахад нийслэлийн зүгээс хөрөнгө мөнгө гаргая, асуудлаа шийдье гэж байсан. Гэтэл үнэндээ энэ зөв арга гэхэд эргэлзээтэй. Аргаа барсан л явдал.

-Хөрөнгө оруулалт хотын төсөвт ихээхэн үүрэгтэй гэж байна. Буцалтгүй тусламжаар хэр хэмжээний мөнгө орж ирдэг бол. Энэ хөрөнгийг юунд зарцуулдаг вэ?

Ц.Ганхүү:

-Бид саяхан хандивлагчдын уулзалт зохион байгуулсан.Үүнд гадаадаас манайд ажилладаг олон улсын байгууллага, бизнес эрхлэгчид ирсэн. Эдгээр нь ихэнхдээ ямар нэгэн төслийн бэлтгэл арга хэмжээг урьдчилан судлах, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, чадавхийг сайжруулах зэрэгт хөрөнгө оруулалт хийдэг. Одоогийн байдлаар АХБ-ны техник,    эдийн    засгийн    судалгааны ажил явагдаж байна. Түүнчлэн Германы буцалтгүй тусламжаар Нисэх орчимд босгох хорооллын дулаан, сантехникийн судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Мөн тус улсын Техникийн хамтын ажиллагааны хүрээнд орон сууцны дулаалгын асуудлыг шийдвэрлэхээр болсон.

Да.Ганболд:

-Улс даяар хийж буй буцалтгүй тусламжийн хэмжээ 150 сая ам.доллар. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын асуудлыг арай ядан аргалж буй мөнгөтэй бараг дүйж байна.

-Улаанбаатарын утааг багасгах хөрөнгө төсөвлөх болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Гэтэл мөнгө зарлагадаж хийсэн ажлын үр дүн байнауу?

Да.Ганболд:

-Утааны асуудал жил бүрийн өдийд сөхөгдөж эхэлдэг. Хөрөнгө зарлагадаад буй мэт боловч, үнэндээ мөнгө хүрэхгүй байна. 20, эсвэл 50 биш бүр мянган хувь дутаж байна. Гэхдээ байгаа хөрөнгөдөө зохицуулж бодлого боловсруулсаар л байгаа. Энэ жил утаагүй түлш туршиж үзэхээр зарим дүүргийн гэр хорооллын айлуудад нэвтрүүлээд байна. Гэтэл энэ нь гэр хорооллын айлын арав хүрэхгүй хувь. Дараагийн асуудал бол цогц бодлого гэж дээр хэлсэн. Ерөнхий томьёоллыг гаргасан. Утаа гаргадаггүй түлш үйлдвэрлэхэд олон сая төгрөг зарцуулж, шинэ технологи нэвтрүүлж байна. Тэгэхээр үүнд тодорхой хэмжээний өртөг шингэсэн байгаа. Гэтэл түүхий нүүрс үүнээс арай хямд байх жишээтэй. Бид энэ тал дээр судалгаа хийсэн. Үүний дүнд нэг тооцоо гаргасан. Тухайлбал, Багануурын уурхайгаас нийслэл рүү оруулж буй нүүрсний 10-15 хувь нь хулгайнх. Өөрөөр хэлбэл, дулааны цахилгаан станцад хаяглаж, вагоноор илгээсэн нүүрсийг энүүхэн Амгалангийн цаанаас л машин машинаар нь авч байгаа юм. Гэр хорооллын айлууд нийтдээ сая гаруй тонн нүүрс түлж байгаа гэдэг. Гэтэл үүнийх нь дийлэнх нь хулгайнх гэхээр нөгөө утаагүй түлш нэвтрүүлэхэд ихээхэн таагүй өрсөлдөөн бий болно гэсэн үг. Бид төсвөөс татаас өгч утаагүй түлшийг хямдруулж болох ч нөгөө өрсөлдөгчид маань дагаад л хямдруулчихна. Тэгэхээр Улаанбаатарт түүхий нүүрс түлэх явдлыг тас хориглохгүй л юм бол үнээр өрсөлдөөд дийлэхгүй нь тодорхой. Дээрээс нь дулаан, ус, халаалт социализмын үеийн хатуу төлөвлөлтөөс гарч чадаагүй л байна. Үндсэндээ үнийн нэмэлт ер хийгээгүй. Тэгэхээр нэмэлт хийхийн тулд улс төрийн хэмжээнд шийдвэр гаргахаас өөр аргагүй. Утааны асуудлыг ярилцахад нам, улс төрийн хүчний байр суурь огт хамааралгүй. Нэг үгээр утаа, замын түгжрэл зэргийг шийдвэрлэхэд Засгийн газраас тодорхой эрх мэдлийг нийслэлд олгомоор байна. Гэтэл том дарга нарт эрхмэдлээсээ хуваалцах сонирхол байхгүй. Ленин багшийн хэлсэн үг байна "Сайн дураараа эрх мэдлээ өгье, албан тушаалаасаа бууя гэдэг улс төрийн хүчин байхгүй" гэж. Ер нь радикал реформ хийж байгаа үед нийтээрээ шийддэг болохоос биш, 76-гийн 20 нь зүтгээд, дэмжүүлэх нь юу л бол.Гэхдээ ингэлээ гээд бид асуудлыг хаяагүй. Бусад гишүүний чихэнд байнга хонх уяж, ярьсаар л байгаа. Гол горьдлого бол 50-60 тэрбумын л асуудал байна шүү дээ.

-Бусад гишүүний чихнээс хонх уясаар байгаа гэж байна. Тэд хонх уяж байхад чинь инээж байгаа ч, хурлын танхимд яаж байх юм?

Да.Ганболд:

-76-аас татгалзах гишүүн байна уу гэвэл үгүй юм.

Г.Баярсайхан:

-Хотоос сонгогдсон гишүүд ихээхэн санаачлага гаргадаг. Ер нь хонгилын үзүүрт гэрэл харагдаж байгаа. Саяхан болсон уулзалтаар ч утааны тухай ярьсан. Тэгэхэд хотын дарга маш яаралтай дэргэдээ байгаа Д.Ганболд руу зааж байх жишээтэй. Гэтэл ганц энэ хүн утаатай тэмцэнэ гэвэл их салхины өөдөөс нулимахтай адил юм болно. Өнөөдөр ярилцаж буй сэдвийн цаана Улаанбаатар хотын бие даасан эрхзүйн орчин, статусыг тодруулах шаардлагыг олон нийтэд хүргэх явдал байна. Янз бүрийн түлш үйлдвэрлэж, энэ хэрээр хөрөнгө мөнгө зарцуулсаар байна гэх юм. Гэтэл үүнээс гадна Улаанбаатарыг утаанаас бүрэн ангижруулахад 18 их наяд төгрөг хэрэгтэй. Энэ нь Шинэ бүтээн байгуулалтын ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээ. Харин үүнийг Засгийн газар шийдэж, хаана юугаа барихыг тогтох ёстой.

Б.Баатарзориг:

-Бид уг нь энэ асуудалд нэг их талцаад байдаггүй шүү дээ. Зарим орон нутгийнханд ийм асуудал байдаг. Харин манайхан цугларахаараа эвтэйхэн хэлэлцдэг. Гэтэл яг шийдвэр гаргахаар ярилцах болохоор нөгөө 56 нь андуураад, дарчихдаг. Уг нь тэд Улаанбаатарын элдэв асуудалд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Нэг үгээр 56 гишүүн хурал хийж тараад орон нутаг руугаа явалгүй нийслэлд л байдаг биз дээ. Ирэх онд ямар ажлууд хийх талаар төлөвлөж байхад хэд хэдэн гэгээ харагдаж байна. Эхнийх нь хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх байх. Мөн эрхзүйн таатай нөхцөлүүд ямар ч байсан эхэлнэ. Дараагийнх нь Концессийн хуулийг хэрэгжүүлж эхэлнэ гэж байгаа. Өмнө нь бид замыг зөвхөн нөхдөг байлаа. Тэгээд дараа нь яадгийг хүн бүхэн мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр шинээр тавьж, өргөжүүлэн, явган хүний замыг сайжруулж байгаа. Цаашид бүр давхар зам, гүүртэй болох нь тодорхой. Мөн бид төсвийн мөнгөнд дулдуйдахаас гадна, доноруудыг татах талаар ажиллаж байна. Бэлэн төслүүд бидний гарт байна. Олон улсын байгууллагууд туслая гэж байна.

Г.Баярсайхан:

-Эдийн засаг өргөжиж байна. .Саяхан эрүүл мэндийн хэд хэдэн томоохон төсөл хаагдлаа. Учир нь Монгол Улс үүнийг цаашид санхүүжүүлэх чадавхитай болсон гэж байна. Засгийн газар, мөнгөний жинхэнэ эх үүсвэр дээр суусан нөхөд гараа гаргахыг нэг их хүсэхгүй. Эдийн засаг сайжрах бүрт Улаанбаатарыг чиглэж байсан гадаадын буцалтгүй тусламжууд хумигдах болно гэдгийг бид ажиглаж, анхаарах ёстой. Тэгэхээр энэ мэдээллийг олон нийтэд зөв зохистой хүргэж, ойлгуулах хэрэгтэй.

Э.Ганхүү:

-Улаанбаатарчуудын дийлэнх нь гэр хороололд амьдарч байна. Тэгэхээр утааны асуудлыг хөндөх нь улиг, домог боллоо гэж болохгүй. Энэ жил 2.5 тэрбумыг  төсөвт  тусгаж,  300 айлын дамжин өнгөрөх орон сууцны ажлын эхлэлийг хот тавьсан. Үүнийг нэг амжилт гэмээр байна. Өнөөдөр утаагүй түлшийг бүрэн нэвтрүүлснээр утааны асуудлыг шийдэхгүй ээ. Өөрөөр хэлбэл, орон сууцжуулах.хэрэгтэй.

-Дээр дурдсан 340 тэрбум төгрөгийн тооцоог наад захын тулгамдсан хэрэгцээнээс гаргасан гэлээ. Тэгвэл үүний хэдэн хувийг сургууль, эмнэлэг гэх мэт нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах бол?

Ц.Цогзолмаа:

-Боловсролын салбарыг шинэчилж, боловсронгуй болгоход багагүй ажил хийсэн. Тухайлбал, өнгөрсөн жил I амаржих газарт асуудал үүссэн болохоор төрөх газрыг цогцоор нь шийдвэрлэхээр болсон. Гэхдээ асуудал үүсээгүй бол яах байсан бол гэж бодогддог. Өнөөдөр боловсролын салбарт асуудал үүсээгүй нь сайшаалтай ч, бодит амьдралд байдал өөр байна. Гэхдээ нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сургуулиудын барилгууд 55-70 жил болсон байх жишээтэй. Дээрээс нь сүүлийн 20 гаруй жил эдгээр сургуульд төсвөөс мөнгө зарцуулж засвар хийгээгүй. Харин буцалтгүй тусламжаар нийслэлийн хэмжээнд долоон сургуульд өргөтгөл барьсан. Зарим сургуульд нэг ширээнд дөрвөн хүүхэд сууж байгаа. Мөн гурван ээлжээр хичээллэж байна. Үүнээс тооцоолоход Улаанбаатарт 620-750 хүүхэдтэй сургууль 42-ыг байгуулах хэрэгтэй байна. Цэцэрлэгийн насны бүх хүүхдийг, нэг ангийг 25-30 буюу стандарт хэмжээгээр байлгая гэвэл 62-ыг нэмж байгуулахаар байна. Энэ бол зөвхөн нийслэлд зориулан гаргасан тооцоо. Үүнийг төсвийн мөнгөөр шийдэх боломжгүй. Мөн энэ олон сургууль, цэцэрлэгийг барих газрын асуудал ч ихээхэн хүндрэл учруулна. Тэгэхээр хуучин сургууль, цэцэрлэгийг буулгаад шинэ, багтаамжтайг барих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 650 хүүхэдтэй байсан сургуулийг 1200 сурагчтай болгохоор том байр барина гэсэн үг.

-Хотыг тэлэх тухай ярьдаг. Гэтэл өнөөх инженерийн байгууламж асуудал үүсгэнэ. Тэгэхээр үүнийг судлах боломж, хөрөнгө хэр байгаа вэ?

Ц.Ганхүү:

-Үүнийг бид хэлэлцэж байна. Одоогийн байдлаар 260 мянган шоо метр усны нөөц байгаагаас 160-ыг нь ашиглаж байна. Тэгэхээр усны, хангамж харьцангуй боломжтой ч, түгээх шугам сүлжээний асуудал хүнд байгаа. Цахилгааныг ойролцоогоор 480-аад мвт-г хэрэглэдэг. Хотын төв рүүгээ хэт төвлөрөлтэй учраас үүнийг шийдэж байж хот байгуулалтын асуудал яригдах учиртай. Дулаан хангамжийн хувьд нөөцгүй болсон гэж болно. Тэгэхээр тав дахь эх үүсвэрийн тухай ярьж байна.

Төвлөрсөн жижиг хэмжээний станцууд барья, хийн дулааны асуудлыг шийдье гэж ярилцаж байна. Үүнтэй холбоотой нөгөө л эрх мэдлийн асуудал босч ирнэ. Хөрөнгө оруулалтын ажил яам яаманд хуваагддаг. Бид нийслэлд 24 дүгээр коллектор буюу бохирын шугамын зураг төсөл, ажлыг хийгээд дуусахад ЭБЭХЯ дулааны тавдугаар шугам гээд яг бидний хийсэн тэр цэгт давхцуулан барьж байх жишээтэй. Нэг нь нөгөөгийнхөө ажлыг уяад ч юм уу, нэг бол баллаад хаячихдаг. Өөрөөр хэлбэл, зохион байгуулалтын нэгдсэн сүлжээнд орж чадахгүй байна. Төвлөрсөн бодлого баримталж, энэ жил замаа засаад, ирэх жил шугамыг нь шинэчилнэ гэх мэтээр ажиллах хэрэгтэй байгаа юм. Яамд бодлогынхоо ажлыг хийхээс биш хотын ажил руу ормооргүй байна. Засгийн газраас 500 саяас доош зардалтай   ажлын   тендрийг нийслэлдөг гэсэн тогтоол гаргасан. Гэтэл энэ нь хэрэгжихгүй байна. Жижиг хэмжээний асуудлаа байлгасаар байгаад хугацаа нь тулахаар эрх шилжүүлж байна гээд бичиг бариад ирэх жишээтэй. Гэтэл бид гэрээ байгуулах гэж бас чамгүй хугацаа зарцуулдаг.

Б.Мөнхбаатар:

-Эрчим хүчний газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани тус бүртээ тендер зарлачихдаг. Тэгээд өөрсдөө шалгаруулаад, бидний тавьсан явган хүний замыг хуулаад хаячихна. Замын өргөтгөл.дулаан түгээх сүлжээний хөрөнгө төсөвт нэг дор суудаггүй. Тэгээд зам барих гэхээр дулааны ажил хийнэ гээд саад болдог. Тиймээс ажлын уялдаа, бодлогын цогц байдал үгүйлэгдэж байгаа юм. Хотод нэг хороолол босгох гэхээр цахилгаан дулааны ажлыг ЭБЭХЯ, барилга байгууламжийг БХБЯ, газрын асуудлыг НЗДТГ шийдвэрлэх болдог. Тухайлбал, Буянт-Ухаагийн орон сууцны хороолол барихад дулаан, бохирын асуудлыг шийдээд байтал цахилгаанд хүрээд гацсан. Хэчнээн тооцоо, судалгаа гаргаад хөрөнгийг нь ЭБЭХЯ-ны төсөвт суулгахгүй л бол яагаад ч нэмэргүй.Дулаан цахилгааны шугам, сүлжээ байгуулахад иргэдэд өмчлөгдсөн газраар дайрах бол нөхөн төлбөр хийх шаардлагатай. Эзэн нь газраа 100 саяар үнэлтэл, Өмчийн газар 30 саяар үнэлж байх жишээтэй. Ингээд л асуудал үүсч, ажил зогсохоос өөр аргагүй болж байгаа юм.

Х.Тэмүүжин:

-УИХ-д нийслэлээс 20 гишүүн байгаа нь бага тоо биш. Ямарваа асуудалд хамтраад саналаа гаргавал бас л хүчтэй. Тэгэхээр хэлэлцэх асуудлаа л тодорхой болгомоор байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.