2018.05.29

Ө.Энхтүвшин: Э.Бат-Үүлийн үед Нийслэлд бүх боломжийг өгсөн. Харин С.Батболд нь гараад ирэхээр бүгдийг хаасан

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн.

2017 оны 6 сарын 20-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хууль жил гаруйн хугацаанд завсардаад байсан юм. Хуулийн төслөөр дагуул хотыг байгуулах, Нийслэл бие даасан байдлаар хөгжих эрх зүйн орчин бүрдэх юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийллээ.

Ө.Энхтүвшин: Нийслэлийг бие даасан байлгах ёстой гэдэгтэй санал нэг байна. Сүүлийн үед бид бүх л зүйлийг хумьсан. Э.Бат-Үүлийн үед бүх боломжийг өгсөн. С.Батболд нь гараад ирэхээр бүх боломжийг хаасан. Нийслэлийг тусад нь авч үзээд боломжийг нь олгоод явах ёстой. Харин ч энэ хууль оройтож орж ирж байна. Сангийн яамны байр суурийг бол ойлгож байна. Угаасаа Сангийн яаманд ажилладаг хүний нэг чанар нь болохгүй, үгүй, хойшлуулна, өгвөл талыг өгнө гэдэг зарчимтай байх ёстой. Гэхдээ Нийслэл дээр арай өөрөөр хандах ёстой.