Нийслэлийн эрх зүйн тухай асуудлыг хэлэлцэхээр
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын шадар сайд М.Энхболд танилцуулав.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 15 жилийн хугацаанд Улаанбаатар хот эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд өргөжиж, хүн амын тоо өсөхийн хэрээр хот төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд түгжрэл саатал үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний салбар доголдох зэрэг хүндрэл бэрхшээл их гарч байгаа билээ. Иймээс нийгэм, хүн ам зүйн эдгээр өөрчлөлтийн зэрэгцээ олон улсын туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэх үүднээс Улаанбаатар хот нь улсын нийслэлийн үүргийг гүйцэгтгэж буйтай холбоотойгоор онцлох чиг үүрэг, нийслэлийн оршин суугчийн эрх үүрэг, нийслэлийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, нийслэлийн эдийн засаг, санхүү, өмчийн харилцааг боловсронгуй болгох, эдийн засгийн бие даасан байдлыг хангах зорилгоор Засгийн газраас энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулжээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийтдээ зургаан бүлэг, 32 зүйлтэй юм. Хуулийн төсөлд нийслэлийн оршин суугчийн эрх, үүргийг нэмж оруулсны зэрэгцээ нийслэлийн оршин суугч нь амьдарч буй орчноо тохижуулсан, мод, бут тарьсан, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсан бол урамшуулал хүртэх эрхтэй байх, түүнчлэн шилжин ирэгсэд нь тухайн засаг захиргааны нэгжид тогтоосон хугацаанд бүртгүүлэх, хуульд заасан хураамж, төлбөр төлөх, оршин суугчийн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хүндэтгэж, нийгмийн хэв журмыг сахих зэрэгт үүрэгтэйг тусгаж өгчээ. Мөн дүүрэг, хорооны удирдлагын статусыг албан тушаалын хувьд нэг шат ахиулж адилтгах, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг байнгын ажиллагаатай болгох, хотын онцлогт нийцсэн, татварын орлогын тогтвортой нэр төрлийг нэмэгдүүлэх үүднээс нийслэл хотын оршин суугчийн татвар, хот төлөвлөлтийн албан татвар бий болгохоор төсөлд тусгасан байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүн Су.Батболд, Н.Энхболд, Ч.Сайханбилэг, Ж.Батсуурь, Д.Энхбат, Г.Баярсайхан, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Ц.Мөнх-Оргил нар төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүд, нийслэлийн холбогдох ажилтнуудаас асуулт асууж тодруулав. Мөн гишүүн Ж.Сүхбаатар, Ч.Сайханбилэг, Ц.Мөнх-Очир, Х.Тэмүүжин, Д.Загджав, Э.Бат-Үүл, Д.Очирбат, Ц.Мөнх-Оргил, Су.Батболд, Ц.Батбаяр. Н.Энхболд нар хуулийн төслийн талаар санлаа хэллээ.
Нийслэлээс сонгогдсон, тэр дундаа нийслэл, дүүрэгт тодорхой алба хашиж байсан гишүүд хуулийн төслийг дэмжиж, зарим нь бүр яаралтай батлахыг хүсч буйгаа илэрхийлж байв. Харин Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Н.Энхболд, Ж.Сүхбаатар, Су.Батболд нарын гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалын ерөнхий зарчим нь Үндсэн хууль болоод одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад хуультай зөрчилдөж байгааг шүүмжлээд хот, тосгоны эрх зүйн байдлын тухай асуудлыг нэр мөр цэгцэлж байж нийслэл хотын асуудлыг авч үзэх нь зүйтэй юм, энэ хууль гарснаар хотын тулгамдсан асуудлыг бүрэн цэгцэлж чадахгүй, нийслэлийн хувьд тусгай статус байж болно, харин хүн ам олонтой гэдэг үүднээс хот нь бусад газраас давуу эрхтэй байж болохгүй, хуулийн төслийн талаар ажлын хэсэг гаргаж нухацтай ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байв.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжлээ.