2023.06.15

Ж.Батжаргал: Үндсэн цалин хийгээд гүйцэтгэл, үр дүнг нарийн тооцож цалингийн хувь, хэмжээг ярих ёстой

УИХ-ын чуулганы /2023.06.15/-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

2023 оны улсын төсвийн хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Уг хуулийг дагаж зарим нэг хуулийг өөрчлөх асуудал орж ирсэн. Мэдээж энэ удаагийн төсвийн тодотгол бол эдийн засгаа сэргээх, баялгийнхаа борлуулалт, тээвэрлэлт, бүх үйл ажиллагааг ил тод болгож, үр өгөөжийг дээшлүүлэх, төсвөө эрүүлжүүлэх, хариуцлага сахилгыг дээшлүүлэх зэрэг цогц арга хэмжээний үр дүнд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд нааштай үр дүн гарч төсөвт төвлөрөх орлого тодорхой хэмжээгээр давж биелэх бололцоо бүрдсэнтэй холбогдуулж, иргэдийн амьдрал ахуйг дэмжих, тодорхой цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжүүдийн ялгаатай байдлыг арилгах нэмэгдүүлэх арга хэмжээг авч байгаа зүйл юм.

2023 төсөвтөө бид баялаг бүтээгчдээ дэмжих, татварын бааз сууриа өргөтгөх чиглэлээр тодорхой хөрөнгүүд тусгасан. 229 тэрбум төгрөг, үүний цаана нэг их наяд төгрөгний хөнгөлөлттэй, боломжит хугацаатай зээлийг асуудлыг шийдсэн гээд олон зүйлүүдийг үе шаттай бодлоготойгоор авч хэрэгжүүлээд явж буй. Зохих үр дүнгээ өгнө гэж ойлгож байгаа юм.

Тодорхой болсон үр дүнгийн зарим хэсгийг иргэдийн аж амьдрал, цалин тэтгэвэр, тэтгэмжийнхээ асуудал руу чиглүүлэх ёстой гэсэн нэгдсэн байр суурь дээрээс энэхүү төсвийн тодотголыг хийж байгаа. Дагуулж орж ирж байгаа хуулиудад ярьж хэлэх зүйл байна.

Төрийн албаны тухай хуульдаа өөрчлөлт оруулж буй. Үүний дотор хэд хэдэн заалтыг эргэж харж анзаармаар байна. Төрийн алба бол тогтвортой, мэргэшсэн шатлан дэвших замаар явдаг алба. Энэ албаныхаа үзэл, баримтлалыг тодотголоор дагуулж өөрчилж боломгүй. Үндэсний ажиллах хүчний тоо, эзлэх хувийн жинг зүгээр дуугарчихдаг зүйл биш. Бид төрийн албаныхаа бүтэц, ямар чиг үүргээ бусдаар гүйцэтгүүлж болохыг, одоо байгаагаас алийг либериалчилж болохыг том судалгаа, дүгнэлтэд тулгуурлаж, үзэл баримтлал тодорхой болж байж яригдах ёстой зүйл.

Нэмэгдэл цалингийн асуудлыг хамаагүй ярьдаг зүйл биш. Үндсэн цалин, нэмэгдэл цалин хоорондоо зохистой харьцаатай явдаг зүйл. Үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу явж буй. Тиймээс цалингийн сан дотор үндсэн цалин хийгээд гүйцэтгэл үр дүнгээр авч болох цалингийн орон зайнууд хоорондоо ямар баланстай явах вэ гэдгийг нарийн тооцож, үзэж үүн дээр тулгуурлан хувь, хэмжээ нь яригдаж гарч ирэх ёстой.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.