2023.06.13

Д.Өнөрболор: Нүүрсний экспорт буурч байгаа үед 50 саяд хүргэх төсөөлөл хэр бодитой вэ?

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Төсвийн тодотгол орж ирж байна. Цалин тэтгэвэр нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байсан уу гэвэл шаардлагатай байсан. Ялангуяа орон нутгийн анхан шатны төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж наад захын амжиргаанд хүрэлцэхгүй ноцтой хэмжээнд байсан. Төсөв эдийн засагт бодит дэмжлэг үзүүлдэг байх ёстой. Урсгалын зардлын өсөлтийг эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь бууруулах, өсөлтийг хэвээр хадгалах, инфляцын үнийн өсөлтийг бууруулахад ямар арга хэмжээ авч байгаа вэ? Бид үндсэндээ бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэсэн механизмтай байгаа. Үүнийг үр дагавар сөрөг  учраас өөр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

Үнийн өсөлт, инфляц бодитоор оршсоор байна. Цаашид ч өсөх эрсдэл бий. Өмнө нь эдийн засгийг 5 хувиар өснө гэж тооцож байхад инфляцыг 8% гэж баталж байсан. Гэтэл одоо өсөлтийг 7,9% хүрэхэд инфляцыг 10% болгоод өсгөөд оруулаад ирж байна. Логикийн хувьд эдийн засаг өсөхөд бусад үзүүлэлтүүд дагаад сайжирч байх ёстой. Тухайлбал инфляц, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт саарах, иргэдэд ирэх санхүүгийн дарамт буурах, ард иргэдийн орлого, ажлын байр нэмэгдэх ёстой шүү дээ. Энэ болгон хүмүүсийн амьдралд мэдэгдэхгүй байгаа болохоор олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй, хатуу хандаж буй.

Бусад гишүүд ч экспортоо 50 сая тонн гэж хэт өөдрөг төлөвлөж байгаа юм биш үү гэж байна. Сүүлийн жилүүдийн статистикаас аваад үзвэл нүүрсний экспорт буурч байгаа жишигтэй гэж тайлбарлаж буй. Геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилсэн хэвээрээ байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт хоёр хувиас бага байх магадлалтай. 50 сая нүүрс экспортлох төлөвлөлт бодит биеллээ олж чадах уу?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.